ДОРНОГОВЬ: “Үлэмжийн чанар” яруу найргийн наадмыг анх удаа зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас Монголын зохиолчдын “Хурмаст тэнгэр” төвтэй хамтран Хамарын хийдийн орчимд болох “Тэнгэрийн хутагт” фестивалийн хүрээнд "Үлэмжийн чанар" яруу найргийн наадмыг энэ сарын 20-нд анх удаа зохион байгуулна.
Ноён хутагт Лувсанданзанравжаагийн байгуулж байсан их Өвгөн суваргын тайзнаа болох яруу найргийн наадамд Төрийн соёрхолт яруу найрагч Ш.Гүрбазар,
Х.Чилаажав, МУСГЗ, “Болор цом”-ын Г.Мөнхцэцэг, Б.Ичинхорлоо, “Болор цом”-ын
эзэн Н.Гантулга зэрэг 31 яруу найрагч шүлгээ унших юм.
Энэхүү яруу найргийн наадмын зорилго нь ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн үлдээсэн бичиг соёлын өвийг түгээн дэлгэрүүлж сурталчлан таниулах, яруу найргийн яруу тансаг хэл аялгуу, гоо сайхныг олон түмэнд мэдрүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэхэд оршиж байгаа юм. Яруу найргийн наадам гурван даваатай бөгөөд оролцогчид чөлөөт сэдвээр шүлгээ уншина.