УВС: Улаангомын бүүдгэр өдрүүд эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-11-20 17:09:30

Улаангом, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Улаангом суманд нуурын будан татаж, бүрхэг бүүдгэр өдрүүд эхлээд байна.

 

Учир нь Монголын хамгийн том нуур болох Увс нуур мөсөн бүрхүүлээ нөмөрч хөлдөх хүртэл нэг сар гаруйн хугацаанд нуурын эргэн тойрны сумдад нар үзэгдэхгүй болж, бүрхэг бүүдгэр өдрүүд үргэлжилдэг. Энэ үед өдөр бүр бага багаар цас орж, Улаангомд замын халтиргаа гулгаа ихээр нэмэгддэг.

 

Ийнхүү жил бүрийн 11 дүгээр сарын дунд үеэс 12 дугаар сарын сүүлч хүртэл нэг сар гаруйн хугацаанд Увс нуур бүрэн хөлдөж, мөсөн бүрхүүлээ нөмөрдөг.

 

Увс нуурын мөс нэг метр орчим зузаантай тогтдог бөгөөд 1-4 дүгээр сард малчид, иргэд, тээвэрчид зам товчлон нуурын мөсөн дээгүүр зорчих, ачаа бараа тээвэрлэх нь элбэг.

 

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулааралтай холбоотойгоор Увс нуурын мөс өмнөх шигээ зузаан тогтохоо больж, мөс цөмрөх эрсдэл их болсон байна.


Холбоотой мэдээ