“Чингис хааны удмын хутагт: Дорнын их сэргэн мандалт” үзэсгэлэнг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархалын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” үндэсний музейд Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Чингис хааны удмын хутагт: Дорнын их сэргэн мандалт” үзэсгэлэнг олны хүртээл болгов.
Энэхүү үзэсгэлэнд таван музейн сан хөмрөгт хадгалж байгаа өмнө нь нэг дор үзүүлж байгаагүй, Өндөр гэгээний мутрын болон дэг сургуулийн 40 гаруй бүтээлийг хамтатган дэглэж, үзэгчдэд хүргэж буйгаараа онцлогтой.
Үзэсгэлэнд зориулж “Чингис хааны Их цагаан сүлдний сан” хэмээх тахилгын санг Улсын төв номын сан болон хувь цуглуулагч нарт хадгалж буй монгол бичгийн эх сурвалжуудаас үндэслэн, 400 жилийн тэртээ Монголын сүүлчийн эзэн хаан Лигдэн хутагт хааны ордонд эгшиглэж байсан “Их монгол” аялгуугаар найруулан музейн дэргэдэх “Хаан найрал” чуулга анх удаа сонордууллаа.

Үзэсгэлэнг ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам нээж үг хэлэхдээ, “Жил бүр энэ өдрийг бид Их эзэн Чингис хааныхаа суу алдрыг эргэн санаж, Монголын төдийгүй даян дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлэх ажлыг зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн хувьд Монголын төр, шашин, соёлын нэрт зүтгэлтэн, дорно дахины их соён гэгээрүүлэгч Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн түүхэн ой тохиож буйгаараа онцлогтой. Үзэсгэлэнгээр дамжуулан Өндөр гэгээний бүтээн тууривсан үнэт зүйл бүрийн мөн чанарыг ухаж ойлгох, сурвалжлан судлах хүсэл эрмэлзлийг төрүүлж, хайрлах, бахархах, эрхэмлэх, дээдлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд бидний зорилго оршиж байгаа юм. Өндөр гэгээн Занабазарын алдар нэрийн эргэн тойронд оршин буй сэдэв бүрийг сурвалжлан судлах үйл ажиллагааг өргөн цар хүрээтэй зохион байгуулж, үнэ цэнэт байдлыг тодотгон, хуримтлагдсан мэдлэг бүрийг хүмүүст хүртээмжтэй түгээх нь хүүхэд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх, улс орныхоо нэгдмэл байдлыг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах ач холбогдолтой” хэмээн онцоллоо.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал П.Байгалмаа хэлэхдээ, “Өндөр гэгээн Занабазар нь монголчуудын оюун санаа, ур ухаан, ертөнцийг үзэх үзэл, сэтгэлгээний цар хүрээг шүтээн урлалаараа дамжуулан дэлхийн түвшний гоо зүйн ноён оргилд хүргэсэн их хүмүүн. Түүний бүтээлүүдийн дахин давтагдашгүй онцлог нь хүний биеийн хэмжээ харьцааг өөрийн судалгаа, бясалгалын ойлголттой уялдуулан шинэчлэн тодорхойлж, “Занабазарын дэг сургууль” гэх өвөрмөц хэв маягийг бүтээн бидэнд үлдээжээ. Өндөр гэгээний бүтээлийн гоо зүйн хэмжээс нь ердийн урлалын түвшнээс аль хэдийн давж, бясалгалын гүн ухааныг дүрслэх онцгой чадвараараа дорнын урлагийн сэргэн мандалтын шинэ хэмжүүрийг тогтоосон үнэт өв” гэв.
Үзэсгэлэнд дэлгэж буй Өндөр Гэгээн Занабазарын мутрын бүтээл нь нарийн хийцтэй, уян хатан хөдөлгөөнтэй, нүүрний илэрхийлэл ба дотоод амар амгалан байдлаар бүтээж шүншиглэн амилуулсан, урлаг, уран сайхан гоо зүйн хувьд дахин давтагдашгүй бүтээлүүд юм.
“Чингис хааны удмын хутагт: Дорнын их сэргэн мандалт” үзэсгэлэн нь энэ сарын 29-нийг хүртэл нээлттэй байна.













Улаанбаатар