Ж.Хасболд: Эхлээд эх хэлээ сайн эзэмш гэсэн өвөөгийн маань сургаал мартагддаггүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
elbeg_b2004@yahoo.com
2025-11-20 16:58:18

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Их эрдэмтэн, билгүүн номч Бямбын Ринчений мэлмий гийсний 120 жилийн түүхэн тэгш ой энэ өдрүүдэд тохиож байгаатай холбогдуулан нэрт эрдэмтний том охин Р.Индраагийн хүү Ж.Хасболд гуайг урьж, ярилцсанаа эрхэм уншигч танаа толилуулж байна.


-Та эхлээд манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу. Аав, ээжээсээ хэдүүлээ билээ, та хэд дэх хүүхэд нь вэ?

-За, баярлалаа. Намайг Ж.Хасболд гэдэг. Эх эцгээсээ хоёул. Миний ах Ж.Ганибал гэж хүн байсан. Олон жил Гадаад яаманд ажиллаж, Чехословак, Бельги улсуудад элчин байсан хүн. Ах маань хэдэн жилийн өмнө насан өөд болсон.


-Таны аав, ээж хэн гэдэг хүмүүс байв, хэрхэн ажиллаж амьдарч, эрдэмтэн сэхээтэн болсон тухай нь товч дурдвал?

-Ээж маань Р.Индраа, өвгөн аавын хоёр дахь охин. Олон жил ХААДС-д багшилж, түүний проректор байсан. Микробиологийн ухааны доктор, профессор. Аав маань Нямын Жагварал, Сайд нарын зөвлөлийн дарга, Намын Төв Хорооны гишүүн, Улсын Их Хурлын дарга зэрэг улсын удирдах ажлыг он удаан жил хийж байсан. Мөн Монголын Шинжлэх ухааны хүрээлэнг (одоогийн ШУА-ийн үндэс суурь) байгуулахад гар бие оролцож, захирлаар нь ажиллаж байсан. Монголоос анхны шинжлэх ухааны доктор болсон хүн. Хоёр дахь нь миний өвөө шүү дээ.




Ж.Хасболд /дундах нь/ ээж Р.Индраа, аав Н.Жагварал, ах Ж.Ганибал, өвөө Б.Ринчен, нагац эгч О.Ина нарын хамт.


- Та бараг 20 гартлаа өвөөтэйгөө хамт байсан байх. Хамгийн сайхан дурсамжтай ямар үйл явдал, тохиолдол байдаг вэ?

-Ер нь их онцлог хүн байсан болоод ч тэр үү, одоо эргэн санахад цуг байсан цаг мөч бүр дурсамжтай байдаг. Ялангуяа зуслангийн байшинд манай хамаатан садангууд цөм цуглараад, хоол унд хийгээд, хоорондоо ярьж хөөрч, инээж ханиаж байсан нь миний хувьд хамгийн сайхан дурсамжтай үе шиг санагддаг. Энэ үед өвөө маань их сонин сонин юм ярьдаг байсан. Сэтгэл нь хөдлөхөөрөө тамхи угсруулж татна. Харин архийг хатуу цээрлэнэ. Ийм ч учраас манайхан цугларсан үедээ хэзээ ч архи задалдаггүй байсан. Ер нь бидний цугларсан үед өвөө маань ярианы гол баатар, тэргүүлэгч хүн байсан юм даа.


-Та ажил мэргэжлийнхээ тухай сонирхуулна уу. Хаана хаана, ямар ажил алба эрхэлж байв?

-Би генетик, биологийн ухааны мэргэжилтэй. Москвагийн Их сургуулийн биологийн ангийг төгсөөд, Унгарт эрдмийн зэрэг хамгаалсан. Монголд ШУА-ийн биологийн хүрээлэнд, улмаар Их Британийн Лондон хотын Анагаах ухааны үндэсний хүрээлэн, Австралийн Мельбурн хотын Вальтер Холлын молекул биологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар тус тус он удаан жил ажилласан. Одоо тэтгэвэртээ гарсан.


-Та мэдээ орох үедээ өвөөгөө анх хэрхэн мэдэж авч байв. Их эрдэмтэн маань 60-аад настай байсан байх?

-Намайг төрөхөд өвөө маань 50-иад настай байсан. Багаасаа үргэлж л хамт байсан болоод ч тэр үү, дөрвөн нас хүртэлхээ одоо сайн санадаггүй юм. Анхны нэг санагддаг мөч нь, ширээний ард бичгийн машинаа цохиод ажлаа хийж байхад нь тогломоор санагдаад, өвөр дээр нь гараад суухад, намайг хөөх ч үгүй, тэсвэртэй нь аргагүй ажлаа хийсэн хэвээр сууж байхад эмээ өрөөнд орж ирээд, намайг өвөөгийн өврөөс суга татаж аваад өрөөнөөс хөөж гаргаж байсныг санадаг. Харин намайг дунд сургуульд орсноос хойш бидний харьцаа нэлээд өөр болсон. Юм хум асуухад ажлаа хийж байсан ч төвөгшөөхгүй, хийж байсан юмаа хойш тавиад их л ярьж, тайлбарладаг байсан. Мөн бичиж байгаа зохиолоо тайлбарлаж их ярина. Монголын түүх, дээр үеийн ном зохиол, домгийг ач гуч бидэнд их л сонирхуулан ярьдаг байж билээ. Ер нь хэзээ ч ихэмсэг, тоомсоргүй зан гаргадаггүй, хүүхэд байсан ч хүндэлж ярьдаг тийм л хүн байсан юм даа.


-Өвөөгийн тань хэлсэн, сургасан ямар үг насан туршид бодогдож, сэтгэлд  уяатай явдаг бол?

-Олон гадаад хэл сур. Гэхдээ эхлээд монгол хэлээ сайн эзэмш. Гадаад хэлийг хэзээ ч сурсан оройтдоггүй юм. Нарийн мэргэжил эзэмшчихээд гадаад оронд хүний боол болоод байв даа. Үргэлж бүтээлчээр сэтгэж бай, тэгээд тэр бодсон санасандаа үнэнч туйлбартай зогсож байгаарай... Өвөөгийн хэлсэн энэ хоёр сургаал үг санаанаас ер гардаггүй юм.


-Энэ удаа, 120 жилийн ойгоор нь уламжлал ёсоор эрдмийн хурал чуулж, үзэсгэлэн гаргаж, мөн бусад ажил үйлс төлөвлөж амжуулж байна. Эдгээрээс хамгийн онцлог, урьд өмнөх ойнуудаар болж байгаагүйг нь нэрлэвэл?

-Би 1995 онд өвөөгийн 90 насны ойг тэмдэглэхэд байсан. Энэ нь миний бодоход анх удаа төрсөн өдрийг нь тэмдэглэсэн үйл ажиллагаа байсан байх. Ардчилсан хувьсгалаас өмнө, төрсөн өдрийг нь тэмдэглэх нь бүү хэл, нэрийг нь дурдсан хүнийг шахаж хавчдаг байсан шүү дээ. Харамсалтай нь, түүнээс хойших ойг нь тэмдэглэх үйл ажиллагаанд би гадаадад байсан учраас оролцож чадаагүй. Тиймээс энэ удаагийн тэмдэглэлт үйл ажиллагааны онцлогийг харьцуулж ярихад төвөгтэй байна. Одоо өвөөгийн эрүүл саруулд нь хамт байсан, дурсамжаа ярьж сонирхуулах хүмүүс мэдээж эрс цөөрсөн нь ажиглагдаж байна. Гэхдээ 10 жил болгон ойг нь тэмдэглэж, дурсгалыг нь мөнхжүүлэх энэ сайхан уламжлал тасрахгүй үргэлжлээд байгаад нь би хувьдаа их баярлаж явдаг.



                                

                                                                                 Ж.Хасболд гуайн төрсөн ах Ж.Ганибал гуайн гэр бүлийнхэн


-Б.Ринчен гуайг их олон хэл мэддэг байсан гэдэг. Яг ямар, ямар хэлийг эзэмшсэн байсан бол. Мэдээж, ярих, бичих хэмжээнд ялгаатай байсан байх. Та сонирхож үзэв үү?

-Багадаа сургуульд орохоосоо өмнө, гэрээрээ монгол бичиг, манж бичиг заалгаж байсан. Хиагтын Александрын нэрэмжит дунд сургуульд суралцаад орос хэлтэй болсон. Түүнээс хойш бие даан хятад, англи, франц хэл сурсан гэдэг. Дараа нь латин, польш, унгар, чех хэлийг мөн бие дааж сурсан гэж өөрөө бичсэн байдаг. Мэдээж, эдгээр хэлийг орчуулах, бичих түвшинд сурсан гэдэг нь ном орчуулгаас нь харагддаг. Орос, франц, англи хэлээр чөлөөтэй ярьдаг байсныг би мэднэ. Мөн эдгээр хэлээр найз нөхөд, мэргэжил нэгт нөхөдтэй захиагаар харилцаж байсныг архиваас нь олж үзэж болно.


-Ач зээ нар болон дараагийн үеийнхнээс нь одоо ямар хүмүүс байна вэ?

-Өвөө маань Нямаа, Индраа, Шинза гэдэг гурван охинтой, Барсболд гэдэг нэг хүүтэй байсан шүү дээ. Нямаа эгчийн охидууд гэвэл Амина гадаад хэлний багш, Цолмон төгөлдөр хуурч, гавьяат багш, Булган нүдний их эмч. Одоо гурвуулаа тэтгэвэрт гарсан. Индраа миний ээж, би дээр хэлсэнчлэн биологийн мэргэжилтэй. Шинза эгчийн охин Амрита, хүү Миклош хоёр цахим технологийн мэргэжилтэй, гадаадад ажиллаж байгаа. Барсболд ахын хүү Дэнзэн уран барималч, түүний дүү Лигдэн гадаад хэлний багш, одоо тэтгэвэрт байна.


-Тэднээс, өвөөгийнхөө үндсэн мэргэжлийг өвлөж монгол хэл, монгол бичгээрээ мэргэшсэн, түүний төлөө ажиллаж, зүтгэж явдаг хүн бий юү?

-Харамсалтай нь байхгүй. Ач гуч бид дор бүрдээ дуртай мэргэжлээ сонгоод, амьдралын замаа хөөгөөд явсан. Өвөөгийн үндсэн мэргэжлийг өвлөх ариун үүргийг гарынх нь шавь Чой.Лувсанжав гуай, Ц.Шагдарсүрэн гуай хоёр л авсан даа.


-Урьд өмнө хэвлэгдэж байгаагүй ном бүтээлийг нь энэ удаа монгол хэлнээ орчуулан гаргаж байгаа сурагтай. Энэ тухайд...

-Өвөөгийн бичсэн “Цамын бүжгийн нууц” гэдэг, урьд манайд хэвлэгдэж байгаагүй бүтээлийг герман хэлнээс орчуулаад, энэ 120 жилийн ойг тохиолдуулан хэвлэж гаргана. Удахгүй номын дэлгүүрүүдэд тавигдах байх.




Мэндэлсний нь 110 жилийн ойгоор, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ЕБС-ийн өмнөх талбайд босгосон их эрдэмтний гэрэлт хөшөө. Ач хүү, уран барималч Б.Дэнзэний бүтээл. 2015 он. Гэрэл зургийг Б.Элбэгзаяа.


-МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонины хамт олон өнөө жил “Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уламжлалт, 29 дэх уралдаанаа их эрдэмтнийхээ сэдвээр явуулж байгааг танд дуулгахад таатай байна. Шагнал гардуулах ёслол нь шинэ он гараад болно. Та бүхнийг урьж байна. Энэ ташрамд, манай энэ уралдааны үеэр, монгол бичгээ сайн сурсан, онцлог бүтээл туурвисан хүмүүст зарим байгууллага, олны танил хүмүүс нэрэмжит шагналаа олгож хэвшсэн байдаг юм аа. Та бүхэнд, өвөөгийнхөө нэрэмжит ийм шагнал буй болгоод, монгол бичгийн үйлсээр цолгорч буй залуу үеийнхэнд олгодог уламжлал тогтоож болох уу гэсэн санал тавьж байна. Үүнд хариулт өгөх боломжтой юу?

-Та бүхний энэ сайхан санаачилгыг сонсоход таатай байна. Урилгыг хүлээж авлаа. Тэр үйл ажиллагаанд бид оролцоно оо. Өвөөгийн нэрэмжит шагналыг олгодог тийм уламжлал тогтвол бүр ч сайхан байна. Яг газраа олсон шагнал болох байх гэж бодож байна. Гэхдээ бидэнд 1990-ээд оны сүүлээр, залуу зохиолчдод олгодог өвөөгийн нэрэмжит шагнал зохион байгуулсан гашуун туршлага бий. Байгуулснаас хэдхэн жилийн дараа сан хөмрөг нь учир битүүлэг байдлаар алга болж, энэ арга хэмжээ зогссон. Тиймээс ийм байдал дахин гаргуулахгүйн тулд олон арван жил үргэлжлүүлэхээр сайтар бодож боловсруулах нь чухал байх. Энэ сайхан санаачилгаа хэрэгжүүлэхэд та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.


-Их эрдэмтний гэр музейг байгуулах талаар та бүхэнд бодож, төлөвлөсөн зүйл байдаг уу?

-Энэ талаар бид өвөөгийн нас барсан цагаас хойш хоорондоо их ярилцаж, маргалддаг байсан. Одоо бол байр савнаас өгсүүлээд асуудал бол нэлээн бэрх. Би хувьдаа, хүмүүс орж гардаг Улсын номын сан юм уу, Их сургуулийн номын сангийн дотор нэг булан байгуулах нь зүйтэй юм уу гэж боддог. Эсвэл, аль нэг музейн дотор байсан ч болно шүү дээ.






 Б.Ринчений мэндэлсний 110 жилийн ойд зориулан гаргасан үзэсгэлэнгийн бүтээлээс. "Чингис хаан" зочид буудал, 2015 он


-Хиагтын Булсарай гэдэг газар мэндэлсэн гэдэг шүү дээ. Төрсөн буурийг нь олж тогтоож чадсан болов уу?

-Манай төрөл садангийнхан 20-иод жилийн өмнө тэр газар очиж, төрсөн газрыг нь тогтоосон. Булсарай гэдэг нь одоо хилийн цаана, Хиагтаас зүүн хойшоо 70 км газарт байдаг.


-120 жилийн ойгоор, төрсөн нутаг Сэлэнгэ аймаг, Алтанбулагт нь ямар ямар ажил үйлс зохион байгуулах вэ?

-Сэлэнгэ аймгийн Алтанбулагт Б.Ринчений нэрэмжит дунд сургуульд 120 жилийн ойг тохиолдуулан арга хэмжээ, ёслолын үйл ажиллагаа зохион байгуулж байгаа.

 

-МОНЦАМЭ агентлаг, “Хүмүүн бичиг” сонины уншигчдыг хүндэтгэж ярилцсанд, Танд их баярлалаа. Өвөөгийнхөө, монгол түмний дундаас төрж гарсан агуу эх оронч их эрдэмтний гавьяат үйлсийг мөнхлөх, хойч үеийнхэнд нь танин мэдүүлэх үйлсэд тань улам их амжилт хүсье. Баярлалаа.


- За, баярлалаа. Та бүгдийн ажил үйлсэд тань амжилт хүсье.










Холбоотой мэдээ