ЗАВХАН: Монголын нууц товчооны 10 дахь хэлэлцүүлгийг өрнүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 МОНЦАМЭ/. Завхан аймагт Монголын нууц товчооны “Татааруудын сөнөөсөн ба Ван хаантай эвдрэлцсэн нь" бүлгийн хэлэлцүүлэг болж 50 гаруй сурагч, багш нар оролцжээ.
Энэ удаагийн хэлэлцүүлгийг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулж байгаа соёлын бүтээлч сарын хүрээнд Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сан, Улиастай сумын Ерөнхий боловсролын Монгол хэл-уран зохиолын багш нар хамтран зохион байгууллаа.
"Татаарыг сөнөөсөн ба Ван хаантай эвдрэлцсэн нь" бүлгийн хэлэлцүүлгээр агуулга, үйл явдал, уран сайхны онцлог, хэл найруулгын талаар ярилцлаа.
Мөн хүүхэд бүр бүлгээс олж мэдсэн онцлог үйл явдлыг тодотгож өөрийн ойлгосноор тайлбарлаж хэлэлцүүллээ. Эдгээр хүүхдүүд жилийн турш нууц товчоог системтэй уншиж, хэн түүхэн үйл явдлыг ямар өнцгөөс харж байна. Өөрийнхөө ямар саналыг ямар тайлбартайгаар дэвшүүлж байна гэдгийг онцлон харж дүгнэж байгаа юм.
Энэ удаагийн бүлгийн хэлэлцүүлэгт Монгол Улсын Консерваторын харьяа Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежийн Дүрслэх урлагийн тэнхимийн оюутнууд, Чандмань-Эрдэнэ, Дэвшил, Ерөнхий боловсролын 3, 4-р сургуулийн 50 хүүхэд, Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн Монгол хэл-уран зохиолын багш Б.Бямбадэмбэрэл, Д.Цэдэндаш, номын санч Ч.Буянхишиг нар оролцсон нь сонирхолтой байв. Учир нь багш, сурагчид хамтран баг болж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч "Монголын нууц товчоог мөнхөд эрхэмлэн дээдлэх" тухай зарлиг гаргаж, судлан шинжилж, түгээн дэлгэрүүлэхийг бүх иргэнд уриалсан.
Тиймээс Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сан, “Аянга” номын клубтэй хамтран “Монголын нууц товчоо” номын уншлага, хэлэлцүүлгийг 10 сарын турш зохион байгуулж байна.
Эхний хэлэлцүүлгийг энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулж, төрийн албан хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш нар, суралцагч 100 гаруй хүн оролцсон. Өөрөөр хэлбэл сар бүр нууц товчооны бүлэг бүрээр хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм.
Хэлэлцүүлгээр "Монголын нууц товчоо"-ны агуулга, уран сайхны онцлог, хэл найруулгын талаар ярилцдаг. Хэлэлцүүлэгт оролцогч бүр нууц товчоог системтэй уншиж, хэн түүхэн үйл явдлыг ямар өнцгөөс харж байна. Өөрийнхөө ямар саналыг ямар тайлбартайгаар дэвшүүлж байна гээд сонирхолтой болдог.
Энэ хэлэлцүүлэг нь "Монголын нууц товчоо"-г хүүхэд залуучуудад сурталчлан таниулах зорилготой. Энэ оны хоёрдугаар сараас эхэлсэн хэлэлцүүлэг цаашид 7 сарын турш үргэлжилнэ гэж Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас мэдээлэв.

Улаанбаатар