ДАРХАН-УУЛ: Хулсаар хийж, мөнгөөр бөгжилсөн лимбийг 1950-иад онд бүтээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-11-10 13:36:47

Дархан, 2025 оны арваннэгдүгээр сарын  10 /МОНЦАМЭ/. Аймгийн музейд 70 гаруй жилийн өмнө бүтээсэн лимбэ хөгжим хадгалагдаж байна. Уг үзмэрийн бүтцийн тухайд эх биеийг нь хулсаар хийy мөнгөөр бөгжилж, хар хүрэн өнгийн будгаар будаж бэхжүүлжээ.


Он цагийн хувьд 70 гаруй жилийн өмнө буюу 1950-иад онд бүтээсэн гэж үздэг байна.


Гарал үүслийн тухайд: Уг лимбийг Хөвсгөл аймгийн Галт сумын иргэн Аюуш хэрэглэж байсан бөгөөд хүү Лхамсүрэндээ өвлүүлж үлдээжээ.


А.Лхамсүрэн уг лимбээрээ Монголын Залуучуудын их наадамд оролцож тэргүүн байр эзэлсэн байна. Шагналд нь уг лимбийг цалин цагаан мөнгөөр бөгжилж өгчээ. Уг лимбээ эхнэрийнхээ дүү Мөнх-Эрдэнэд өвлүүлж үлдээсэн бөгөөд 1999 онд Дархан Уул аймгийн музейд худалджээ.


Тодруулбал, 1997 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн үзмэр худалдан авах комиссын хурлаар энэхүү үзмэрийг 30,000 төгрөгөөр худалдан авч байжээ.

Холбоотой мэдээ