ДАРХАН-УУЛ: Малын хөлийн ачааллыг цаг алдалгүй тохируулж чадвал 5-10 жилийн дотор бэлчээрийг сэргээх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-11-06 16:53:10

Дархан, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Бэлчээр нутаг жилээс жилд эрчимтэй доройтож байгаа нь Монгол Улсын МАА-н үйлдвэрлэл, малчдын амьжиргааны тогтвортой байдал хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг аж. Дархан-Уул аймаг нийт 327.5 мянган га газар нутагтай, түүний 50 гаруй хувь нь бэлчээр юм.


Бэлчээрийн төлөв байдлын мониторингийн дүнгээр Дархан-Уул аймгийн нийт бэлчээр нутгийн 85 хувь нь байгалийн унаган төлөв байдлаа алдаж, бэлчээрийн ургамлын төрөл зүйлийн бүрэлдэхүүн цөөрч, чанар бүтээмж нь буурчээ.


Дархан-Уул аймаг өнгөрсөн онд 252,117 толгой мал тоолуулсан. Харин бэлчээрийн даац нь 1.6-10.8 дахин хэтэрчээ. Доройтол гэдэг нь богино хугацаанд бий болдог гэнэтийн өөрчлөлт бус урт хугацаанд үргэлжилдэг үйл явц юм. Бэлчээрийг доройтлын түвшин болоод сэргэх чадавхаар нь 5 түвшинд хуваадаг байна.



Сэргэх чадавхын аль түвшинд нь байгаагаас нь хамаараад бэлчээр ашиглалтын хугацаа, горим, ачааллыг нь тохируулах нь чухал байдаг гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.


Нэгдүгээр түвшин нь байгалийн унаган төлөв байдлаа алдаагүй, соргог, бэлчээр, ургацын хэмжээ бага зэрэг буурсан. Энэ нь 1-3 жилийн дотор эргээд сэргэх боломжтой.


Хоёрдугаар түвшин: Байгалийн унаган төлөв байдал нь өөрчлөгдөж, бага зэрэг доройтсон, нарийн өвсний эзлэх хувь болон ургацын хэмжээ буурсан ашиглалтын горим ачааллыг цаг алдалгүй тохируулж чадвал харьцангуй богино буюу 3-5 жилийн дотор сэргэх боломжтой.


Гуравдугаар түвшин: Бэлчээр дунд зэрэг доройтсон, ургамлын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөж малд идэш муутай зүйл ургамлын хэмжээ нэмэгдэнэ. Хөрсийг ус, салхины элэгдлээс хамгаалах, байгаль дахь ус, энергийн эргэлтийг зохицуулах чадвар нь буурч алдагдсан ашиглалтыг зохистой түвшинд оруулснаар сэргэх боломжтой. Дунджаар 5-10 жил шаардагддаг аж.


Дөрөвдүгээр түвшин: Бэлчээр хүчтэй доройтож байгалийн унаган зүйл ургамлууд, лууль, шарилж зэрэг шим муутай ургамлаар солигдоно. Байгалийн аясаар сэргэх боломж муу нөхөн сэргээх шаардлагатай.


Тавдугаар түвшин: Бэлчээр маш хүчтэй доройтсоноос хөрсний өнгөн хэсэг ус, салхиар алдагдаж гуу жалгууд үүсгэн эвдэрдэг. Байгалийн аясаар эргэж сэргэх боломжгүй нөхөн сэргээх арга хэмжээ авах шаардлагатай гэж ангилдаг байна.



Бэлчээрийн нөхөн сэргэх чадавхын ангиллаар манай аймгийн нийт бэлчээрийн дөнгөж 10 гаруй хувь нь харьцангуй соргогоороо, бага зэрэг доройтсон бэлчээр 15 хувийг эзэлж байна.


Дундаас дээш зэрэглэлийн доройтолтой бэлчээр бага талбайг хамарсан учраас одоогоор малын хөлийн ачааллыг цаг алдалгүй тохируулж чадвал 5-10 жилийн дотор сэргэн ургах боломжтой ажээ.


Бэлчээртээ эргэн сэргэх боломжийг олгож доройтлыг зогсоохын тулд цаг алдалгүй арга хэмжээ авч эхлэхгүй бол бэлчээрийн сэргэн ургах чадавх алдагдаж дахиж хэзээ ч эргэж сэргэхгүй элсэн цөл болох босгыг давна гэдгийг судалгаагаар тогтоожээ.


Ташрамд, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувийг бэлчээр эзэлдэг. Бэлчээрийн төлөв байдлын үнэлгээний 2015 оны дүнгээр нийт бэлчээрийн 65 хувь нь байгалийн унаган төлөв байдлаа алдаж доройтсон судалгаа гаргаж байжээ.

 

Холбоотой мэдээ