АРХАНГАЙ: Дойтын толгойн балгасыг XIII-XIV зууны үед холбогдоно гэж үздэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-11-06 21:28:04

Эрдэнэбулган, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн нутаг дэвсгэрт орших “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн газруудыг цувралаас танилцуулж байгаа билээ. Энэ удаад Дойтын толгойн туурийн тухай өгүүлнэ.

 

Архангай аймгийн төвөөс 220 орчим км, Хотонт сумын төвөөс баруун зүгт 24 орчим км, Хотонт сумын нутагт Шорвог, Хунт, Цэцэг, Дойт, Цагаан нуурын дунд Дойтын толгойн туурийн дурсгал оршдог.


Дойтын толгойн эртний хотын туурь нь баруун, зүүн болон хойд талаараа хэрмийн оронд өөр хоорондоо ойрхон байрлах 20х17 метр хэмжээтэй 17 ширхэг барилгаар хүрээлэгдсэн бөгөөд түүний дунд 1 том, 2 жижиг барилгын ор үлджээ. Дойтын толгойн эртний хотын туурийн нэг онцлог нь хэрмийн оронд барилгуудаар хүрээлэгдсэн байсны ор мөр байгаа бөгөөд эдгээр барилгууд нь өөр хоорондоо холгүй 8м орчим зайтай байрласан учир холоос харахад хэрэм мэт харагддаг.  Монголын археологич Х.Пэрлээ Дойтын толгойн балгасыг шинжлэн үзэхдээ XIII-XIV зууны үед холбогдоно гэж үзсэн байна.


Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал”-ын төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.


Дурсгалыг Өгөдэй хааны “Гэгэ–чаган орд” мөн болов уу гэж Монгол–Японы археологичид таамагладаг.


Юань Улсын судрын Тайзугийн бүлэгт “Өгөдэй” IX он улаан тахиа жил (1237)-ийн зун цэцэг, цагаан нуурт ан авлажээ. Зуны сард Саолин (суурин) хотыг цогцлоож Гэгэ чаган харш байгуулжээ хэмээн уг ордон нь Хархорумаас умар зүг 70 (40 км)-аад ли зайтай байрладаг гэжээ. Эртний хотын туурь нь өвөрмөц бөгөөд гол барилгын 4 буланд засмал боржин чулуу нь үлдсэн. Мөн голдоо нүхтэй хэд хэдэн баганын суурь чулуу бий.


Рашид Аддины бичсэнээр: Өгөдэй хаан Хархорумаас 1 өдрийн газарт ордон бариулахаар Ислам мужаануудыг сонгон авч, Өгөдэй хаан хавар бүр Гэгэ–чаган ордны орчим харцгаар ан хийдэг байв гэж өгүүлснээс дээрх 70 ли, өдрийн газарт гэсэн сурвалжийн мэдээ таарч байгаагаас гадна, туурийн барилга, байшингийн зохион байгуулалт, хэрэглэгдэхүүн нь Хархорум хотын тууриас олддог зүйлтэй адил байгаа нь улам тодорхой болгодог байна.


Эртний Хархорум хотын туурийг хадгалан хамгаалах нь ЮНЕСКО-гийн 1996 оны төслийн ажилд оролцсон Монгол–Японы археологичид энд судалгаа хийж, өндөр нарийвчлалтай дэвсгэр зураг үйлдсэн байдаг байна.


 

Холбоотой мэдээ