О.Пүрэвдорж: Дулааны станцыг ашиглалтад оруулсан ч хуучин суурьшлын бүсийг л дулаанаар хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-11-03 16:39:14

Арвайхээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж сэтгүүлчидтэй уулзалт хийж, орон нутгийн хөрөнгө оруулалт, цаг үеийн мэдээлэл өглөө.


-Дулааны станцын II шугам хэлхээний шугам сүлжээний ажил оройтож, зарим оршин суугчдыг багагүй бухимдууллаа. Энэ юунаас шалтгаалсан бэ?

-Дулааны станц барих ажлын хүрээнд 14 дулаан дамжуулах төвийг барих юм. 14 хэсэг газарт инженерийн шугам сүлжээг солих, өртгөтгөх ажил хийнэ. Үүнээс энэ жил хоёр хэсгийг л хийж байгаа. Гүйцэтгэгч аж ахуйн нэгжийг 8 дугаар сарын 1-нд ажлаа эхлүүлнэ гээд ирэхэд нь бид хуралдаад 9 дүгээр сарын 15-нд халаалт ирэх учраас амжихгүй, ирэх жилийн хавар эхлүүлье гэдгийг хэлсэн. Гэвч энэ жил эхлүүлэхгүй бол 2025 оны улсын төсөвт тавигдсан 6 тэрбум төгрөг татагдах нөхцөлтэй учраас гүйцэтгэгч аж ахуйн нэгжийг хүн хүч, техник хэрэгслээ нэмээд 10 дугаар сарын 1 гэхэд ажлыг дуусгах шаардлага тавиад эхлүүлсэн юм.

Харамсалтай нь, ажил удааширч цэвэр усны шугам хөлдөх, халаалт муу байх асуудал гарлаа. Санал, гомдол өнөөдрийг хүртэл дуусаагүй байна. Хэрэв энэ ажлыг эхлүүлээгүй бол дахиад нэг жилээр хойшилно. Бид дулааны станцыг барьж дуусгахын тулд холбогдох ажлуудыг аль болох хурдан гүйцэтгэхээр хөөцөлдөж байгаа.



-Дулааны станцыг хэзээ ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна вэ?

-Монгол Улсын Засгийн газраас БНСУ-ын Засгийн газартай байгуулсан гэрээгээр 10 аймагт дулааны станц барих төсөл хэрэгжиж байгаа. Тус улсын урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа учраас гүйцэтгэгч аж ахуйн нэгж нь Солонгосын компани байна гэдэг шаардлагыг тавьчихдаг юм байна. Ингээд “Бьюксан инженеринг” гэх аж ахуйн нэгж шалгараад манай аймгийн дулааны станцыг барьсан ч 45 хувийн гүйцэтгэлтэй орхисон. Үндсэндээ энэ компани БНСУ-ынхаа шүүхээр ороод дампуурсан гэдгээ баталчихаад байгаа юм.    


Гэхдээ дулааны станц барих эх үүсвэр нь байгаа учраас гүйцэтгэгчээр монгол аж ахуйн нэгжийг шалгаруулж өгөөч гэх хүсэлтийг манай Засгийн газраас БНСУ-ын Засгийн газарт тавьсан юм билээ. Саяхан би Эрчим хүчний яамны холбогдох хүмүүс болон хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэй уулзсан. Ажил ирэх хавар эхэлнэ, 2027 оны 9 дүгээр сард эхний галлагааг хийнэ гэсэн мэдээлэлтэй байгаа.


Аймгаас зүгээр суугаагүй. Орлогч М.Батзоригоор ахлуулсан ажлын баг байгуулж, 100 хувийн хөрөнгө оруулалтаар дулааны цахилгаан станц барих шинэ эх үүсвэр эрэлхийлж байгаа. Одоогоор гадны хөрөнгө оруулалттай гурван санал ирчихээд байна. Сэлэнгэ, Завхан аймагт хувийн хөрөнгө оруулалтаар дулааны цахилгаан станц барьж ашиглалтад оруулсан. Өмнөговь аймагт мөн төсөл, сонгон шалгаруулалт зарласан байна.

Тийм учраас бид ирэх жил нийт 200 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр хөөцөлдөж, ХБХОСЯ руу газрын хүсэлт явуулсан. Хэрэв Засгийн газрын хуралдаанаар энэ асуудал яригдаад дэмжих юм бол хэрэгжүүлж эхэлнэ.


-Түрүүнд эхлүүлсэн дулааны станцаа бүрэн дуусгах нь чухал биш үү?

-30 Гкал хүчин чадалтай дулааны станцын ТЭЗҮ-г 2017 онд хийж байсан. Тэгэхэд манай Арвайхээр сумын дулааны хэрэглээнд тохирч байсан бол одоо айл өрхүүд эрс нэмэгдээд бодит хэрэглээ 45 Гкал болчихсон байна. Өөрөөр хэлбэл, дулааны станцыг ашиглалтад орууллаа ч хуучин суурьшлын бүсийг л дулаанаар хангаж чадна. Тэгэхээр бидэнд шинэ суурьшлын бүсийг дулаанаар хангах эх үүсвэр хэрэгтэй болж байгаа юм. Энэ ажлыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийхээр хөөцөлдөөд байгаа гэсэн үг.


-Дулааны станц баригдтал уурын зуухнуудад ямар нэг шинэчлэл хийхгүй, Арвайхээр агаарын бохирдолттойгоо байсаар байна гэж ойлгож болох уу?

-Бид дулаан үйлдвэрлэгчидтэйгээ уулзаж ярилцсан. Хэдэн зуун саяын хөрөнгө гаргаад шинэчлэл хийж болно, гэтэл дулааны станц ашиглалтад орчихоор уурын зуухнууд хэнд ч хэрэггүй болно гэх асуудлыг тавиад байгаа юм. Монгол Улсад хамгийн хямд өртгөөр дулаан нийлүүлж байгаа нь манай Өвөрхангай аймгийн дулаан үйлдвэрлэгчид. Бусад аймгууд харьцангуй үнэтэй байдаг.



-Аймагт тулгамдаж байгаа бас нэг асуудал эрчим хүч. Ямар нэг шинэчлэл хийгдэх үү?

-Эрчим хүчний эх үүсвэр бол Өвөрхангай төдийгүй улсад тулгамдаж байгаа асуудал юм. Бид тогны хүчдэл муу байгаа газруудад дэд станц суурилуулдаг. Гэвч эх үүсвэр дээрээ ачааллаа дийлэхгүйд хүрсэн учраас үнэхээр амаргүй байгаа. Нэг шугам тасрахад л хангайн бүсийн гурван аймаг тэр чигтээ тоггүй болж байна.

Тийм учраас эрчим хүчний хоёр дахь эх үүсвэр хэрэгтэй болж байгаа юм. Манай аймаг ид ачааллын үед өдөртөө 19 МВт эрчим хүч хэрэглэдэг. Хэрэв 200 МВт дулааны цахилгаан станцыг барьж чадвал эрчим хүч асуудалгүй болно.

Мөн Арвайхээр суманд Вьетнамын хөрөнгө оруулалттай 100 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын тогтоол гарсан. Арвайхээр сумын ИТХ-аас 300 га газрыг шийдсэн. Гэхдээ энэ ажил бүрэн эцэслэгдээгүй байна. Дундговь аймагт Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар ЦДАШ-ын томоохон төсөл хэрэгжих гэж байна.


-Төв суурин газруудын өвөлжилтийн бэлтгэл ажил хэр хангагдсан бэ? Хэрэв өвлийн ид хүйтэнд эрчим хүч тасалдвал хүндрэл учрах уу?

-Бүх дулаан үйлдвэрлэгчдийг аваарын дизельтэй байх шаардлага тавьж, бид газар дээр нь очиж шалгасан. Аймгийн Онцгой байдлын газарт 100 МВт-ын генератор, Арвайхээрт 50 МВт-ын генератор бий. Хувийн хэвшил, худалдааны төвүүд тог тасрахад автоматаар асдаг цахилгаан үүсгүүрийг авч нөөцөлж байна.


-Шатахуун түгээх станцуудын нөөц хэр байгаа вэ? Та эрхлэгч нартай уулзалт хийсэн, ямар мэдээлэл авав?

-Аймгийн хэмжээнд 82 шатахуун түгээх станц бий. Үүнээс нь 23 нь Арвайхээр суманд байдаг. Бүгд шатахуунаа хязгаартай өгч байгаа, зарим нь нөөцгүй болсон гэх мэдээлэл өгсөн. Бусад аймагтай харьцуулахад манайх таг зогсчихоогүй, нэг иргэнд өдөрт 50 мянгад шатахуун олгож байгаа. Дамжин өнгөрч байгаа аймгууд Өвөрхангайгаас цэнэглэдэг. Тэрийг хязгаарлах боломжгүй юм билээ. Засгийн газраас 11 дүгээр сарын 15 гэхэд шатахууныг хэвийн олгож эхэлнэ гэх мэдээллийг өгсөн.


-Сүүлийн жилүүдэд улсын төсөвт суулгаж буй аймгийн хөрөнгө оруулалтын дүн нэлээн багасаж байна. 2026 онд хэр хэмжээний татаас авах вэ?

-2024 он хүртэлх өнгөрсөн найман жилийн хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалт манай аймагт маш сайн байсан. 2020-2024 онд жилд дунджаар 110 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөрийг улсын төсвөөс авч хэрэгжүүлдэг байсан юм. Шинэ сургууль бариагүй сум гэж байхгүй. Баян-Өндөр суманд гэхэд бусад 330 суманд баригдаагүй, орчин үеийн жишиг эмнэлгийн барилгыг барилаа. Соёлын төв, спорт заалыг бараг бүх суманд барьсан байна. 

2025 оны улсын төсөвт 79 тэрбум төгрөг суулгасан ч тодотголоор 19 тэрбумыг хасаад 60 тэрбум болсон. Үүний 44 тэрбум нь аймгийн өөрийн орлого. Аймгийн ИТХ-аас орон нутгийн төсөвт хоёр тэрбум төгрөгийг баталсан. Үүн дээр Авто замын сангаас 1.1 тэрбум орж, ердөө 3.1 тэрбум төгрөгөөр төрийн засвар үйлчилгээ, бүтээн байгуулалтыг хийсэн.

Шинээр нэг төсөл хэрэгжсэн нь бидний түрүүн ярьсан Дулааны станцын II шугам хэлхээний шугам сүлжээний ажил. 19.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Энэ мөнгийг 2025-2027 он хүртэл гурав хувааж тавьсан.


2026 оны улсын төсвийн төсөлд 60 гаруй тэрбум төгрөг тавигдсаны 26 тэрбум нь улсаас авч буй татаас, үлдсэн нь аймгийн өөрийн орлого. Энэ дүнгээр аваад үзэхэд хамгийн төсөв муутай аймаг буюу сүүлээсээ гуравт орж байгаа.


Тиймээс олон улсын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарч байна. Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгээс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгээр хангайн бүсийн гурван аймгийн найман суманд 25 сая долларын өртөг бүхий төсөл хэрэгжүүлнэ. Үүнд манай Бат-Өлзий, Уянга сумд хамрагдаж, ой, бэлчээрийг нөхөн сэргээх чиглэлээр томоохон ажлуудыг хийх юм.

 

Холбоотой мэдээ