Ш.Эгшиг: Цайны зам монголчуудын уламжлалт соёлд нөлөөлсөн
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Цай болон цайны хэрэглэл олон зуун жилийн турш биет өвийн хэлбэрээр уламжлан ирснийг “Монгол орон ба цайны замын түүх” эрдэм шинжилгээний хурлын үеэр МУИС-ийн ШУС-ийн орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төвийн эрхлэгч Ш.Эгшиг онцлов.
"Чингис хаан” үндэсний музейд өнөөдөр болсон хурлын үеэр тэрбээр хэлэхдээ, "Цайны зам үүсэхээс өмнө монголчууд цайны соёлтой байсан. Иймээс цайны зам нь манай уламжлалт соёлд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үздэг. Энэхүү нөлөөлөл нь биет болон биет бус өвөөр үлдсэн" гэдгийг тодотгов. Мөн тэрбээр, "Цайны хэрэглэл, цай өөрөө ч олон зуун жилийн турш хадгалагдаж, биет өвийн нэг хэлбэрээр бидэнд хүрч иржээ. Нүүдэлчин амьдралтай монголчууд өл даах, шим тэжээл сайтай хоол хүнс хэрэглэх шаардлагатай байсан. Хоол хүнсэнд сүү, цагаан идээ, мах, шүүс, цай онцгой байр суурь эзэлж байв. XIII зууны үед Монголын эзэнт гүрний үеэс Төвөдөөс цайны ургамал болон сүүтэй цайны уламжлал нэвтэрсэн байх магадлалтай. Үүнээс хойш XIII-XVII зууныг хүртэлх хугацаанд монголчууд цайны соёлыг өөрийн ахуйд тохируулан хэрэглэж ирсэн. Ингэснээр зөвхөн сүүтэй цай бус хуурсан, банштай, эмийн ургамалтай, махтай цай зэрэг олон төрөл бий болж, монголчуудын хоол хүнсний соёлын салшгүй хэсэг болсон” гэдгийг илтгэлдээ дурдсан юм.
Энэхүү хэлэлцүүлгээр Монгол нутаг дахь Цайны замын түүхэн хөгжлийн үе шат, өртөөний зохион байгуулалт, соёлын солилцоо, эдийн засгийн үүрэг, геополитикийн ач холбогдлыг шинжлэх ухааны үндэстэй хэлэлцэж, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдын судалгааны чиглэлийг тодорхойлсноороо онцлог байлаа.
ШУА-ийн
Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан С.Батдорж, "Цайны
замын судалгаа нь түүхэн ач холбогдлыг илтгэх чухал салбар. Цайны замын
түүхийн судалгаа Хятад Улсад XX зууны эхэн үеэс эхэлсэн гэж үздэг. Харин БНХАУ байгуулагдсанаас хойш цайны замтай
холбоотой түүхэн баримт, гэрээ хэлэлцээр, хил хязгаарын гэрээ зэрэг олон бичиг
баримт ил гарч, судалгааны суурь 1949 онд тавигдсан. Хятадад өрнөсөн
өөрчлөлт, шинэчлэлтийн үр дүнд цайны замын судалгаа улам өргөжиж, зөвхөн төрийн
бус, иргэний байгууллагууд, судлаачдын оролцоо 1990-ээд оноос хойш нэмэгдсэн. БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Бүс
ба Зам” санаачилгыг 2013 оноос хойш дэвшүүлснээр цайны замын судалгаа улам өргөн хүрээтэй,
стратегийн шинжтэй болсон. Өмнө нь зөвхөн түүхийн талаас нь авч үздэг байсан бол соёл,
угсаатан, иргэншлийн харилцаа, Ази, Европын соёлын солилцоо, Хятадын
цайны соёлд үзүүлсэн нөлөө зэрэг олон өнцгөөс судалж эхэлсэн. Цайны зам бол
Хятад, Монгол, Орос гурван улсын соёлын нийтлэг өв гэж хэлж болно. Энэ гурван
улс түүхэн дурсгал, хамтын өвийг судлан ойлголцлын түвшинд харилцан уялдаа
холбоотой ажиллаж байна. Монгол Улс цайны
замын төслийн хүрээнд аялал жуулчлал, соёлын солилцоо, судалгааны хамтын
ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломжтой" гэв.
Тус хэлэлцүүлгийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, ШУА-ийн Түүх,угсаатны зүйн хүрээлэн, “Чингис хааны” үндэсний музей, Монголын цайны зам судлалын нийгэмлэг хамтран зохион байгууллаа.
Хиагт-Маймаачингийн боомтоор Хятадын талаас зөөдөг гол ачаа нь цай байсан учраас уг боомтыг дайран өнгөрөх замыг “Цайны зам” гэж нэрлэх болсон. Цайны замын эцсийн цэг нь 9000 км үргэлжлэх Оросын Москва хот байв. Хятадын нутагт ургуулж хураасан цайг Хаалган хүргэж, тэндээс Замын-Үүд, Чойр, Хүрээгээр дайруулан Хиагтад хүргэдэг байжээ.

Улаанбаатар