МУИС-ийн профессор С.Баттулгад Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн профессор С.Баттулгад 2025 онд батламжилсан Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг гардуулан өгөх ёслол Элчин сайдын өргөөнд энэ сарын 23-ны өдөр боллоо.
Профессор С.Баттулга МУИС-д 1994 оноос хойш 30 гаруй жилийн турш япон судлал, соёлын антропологи, олон улс судлал зэрэг чиглэлээр сургалт, судалгааны ажил хийж ирсэн бөгөөд 2008 оноос тус их сургуулийн профессороор ажиллаж байна.
Тэрбээр Японы их сургууль, судалгааны байгууллагуудтай холбоо тогтоон, эрдэм шинжилгээний харилцааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сүүлийн үед гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээ зэрэг чиглэлээр Японы байгууллагатай хамтран судалгаа хийсэн юм. Мөн тэрбээр Монгол Улсын хөгжилд эрдэм шинжилгээний үүднээс хувь нэмэр оруулах зөвлөмж боловсруулан хүргэх, Японы модернизац болон гадаадын хөгжлийн хамтын ажиллагааны түүхтэй холбоотой сэдвээр лекц, илтгэл тавих зэрэг хоёр орны эрдэм шинжилгээний харилцаа, харилцан ойлголцол, найрамдалт харилцааг гүнзгийрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байна.

Улаанбаатар