НҮБ-ын өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-24 10:09:25

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Дэлхий нийтээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын өдрийг /United Nations Day/ өнөөдөр тэмдэглэж байна.


Энэ өдөр 1945 онд НҮБ-ын Дүрэм хүчин төгөлдөр болж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, улс орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой Нэгдсэн Үндэстний Байгууллагыг албан ёсоор байгуулсан юм. Тус байгууллага нь 80 гаруй жилийн хугацаанд дэлхий дахинд энх тайван, хүний эрх, хөгжлийн тэгш боломж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг олон чиглэлээр тэргүүлэх үүрэг гүйцэтгэсээр иржээ.


Монгол Улс 1961 онд НҮБ-д элссэн бөгөөд түүнээс хойш тус байгууллагын хүрээнд хэрэгжүүлж буй энхийг сахиулах ажиллагаанд оролцох, тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмжих, бүс нутгийн энх тайвныг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хувь нэмэр оруулж байна. Жил бүрийн НҮБ-ын өдөр нь дэлхий нийтэд энх тайван, эв нэгдэл, хамтын хариуцлагын үнэ цэнийг сэргээн сануулах ач холбогдолтой юм. Энэ өдрөөр улс орнууд хамтран ажиллахын чухлыг онцолж, илүү тогтвортой, хүн төвтэй ирээдүйг цогцлоохыг зорьдог билээ.


Ташрамд дурдахад, НҮБ нь 1945 оны 10 дугаар сарын 24-нд АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотод 51 гишүүн оронтойгоор үндэс сууриа тавьсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын 193 орныг эгнээндээ нэгтгээд байна. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд 2002 оноос оролцож, 12 ажиллагаанд 20 мянга гаруй албан хаагчаа илгээн үүрэг гүйцэтгүүлж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч топ 24 дэх орон болжээ.



 

Холбоотой мэдээ