ЭМГЭНЭЛ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2025-10-24 09:50:59
@ShoovdorBatbold

ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ

(1932-2025)

Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хорооны дарга агсан, Mонгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр таалал төгсөж, МОНЦАМЭ агентлаг, Монголын сэтгүүл зүйд нөхөж баршгүй гарз тохиолоо.


Х.Цэвлээ нь 1932 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрж, сумын бага, дунд сургуулийг төгсөж, 1962-1966 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургууль, 1970-1972 онд Зөвлөлт Холбоот Улсын Москва хотод Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын дээд сургуульд улс төр судлаач, сэтгүүлч мэргэжил эзэмшсэн, сэтгүүл зүйн салбартаа манлайлсан авьяас, ур чадвар бүхий гарамгай сэтгүүлч, нийтлэлч, удирдан зохион байгуулагч, соён гэгээрүүлэгч байлаа. 


Тэрээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын бага сургуульд багш, сумын Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн үүрийн дарга, аймгийн МАХН-ын хороонд зааварлагч, 1956-1959 онд Баянхонгор аймгийн “Лениний зам” сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1959-1962 онд Баянхонгор аймгийн Гүйцэтгэх Захиргааны Соёлын хэлтсийн дарга, 1966-1970 онд аймгийн МАХН-ын хорооны лектор-суртал нэвтрүүлэгч, 1972-1980 онд МАХН-ын Төв Хороонд лектор-суртал нэвтрүүлэгч, 1980-1990 онд МАХН-ын Төв Хороо, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын төв хэвлэл “Үнэн” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, “Тоншуул” сэтгүүлийн эрхлэгч, 1990-1991 онд Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хорооны дарга, 1991-1996 онд Засгийн газрын төв хэвлэл “Засгийн газрын мэдээ” сонины ерөнхий эрхлэгч, 2004-2015 онд  “Их Монгол” дээд сургуульд зөвлөх багшаар ажиллаж байв.


Х.Цэвлээ нь Монгол Улсад нийгмийн шилжилт ид өрнөж байсан 1990-1991 онд Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хорооны даргаар ажиллаж байхдаа МОНЦАМЭ агентлагийг Засгийн газрын дэргэд үндэсний мэдээллийн агентлаг болгож бие даалгах ажлыг удирдан зохион байгуулж, дэлхий нийттэй хөл нийлүүлсэн орчин цагийн агентлаг болгож төлөвшүүлж, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.


“Миний сэтгүүл зүй 1, 2”, “Нийтлэл зүйн тухай яриа”, “Өвөөгийн жор 1, 2”, “Ээж бидэн хоёр”, “Алтан тууж”, “Дээлтэй судар”, “Болор судар”, “Манай үеийн баатрууд”, “Сониндумаа”, “Сүмбэр гурван оргил”, “Хоточ цагаан банхар”, “Нандин чанар”, “Үзэг бидэн хоёр”, “Монголын шилдэг нийтлэлийн 59 дүгээр боть” зэрэг ном бүтээлээрээ уран бүтээлийн мөнхийн хөшөө босгосон түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн цол, тэмдэг хүртээж,  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байлаа.


Х.Цэвлээгийн хүнлэг нөхөрсөг, бүтээлч хөдөлмөрч зан чанар, элэгсэг дотно дүр төрх, үлгэр дууриалал нь МОНЦАМЭ-гийнхэн бид бүхний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.


Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, журмын нөхөд, хамтран зүтгэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье.


МОНЦАМЭ АГЕНТЛАГИЙН ХАМТ ОЛОН 

АХМАДЫН ХОРОО

Холбоотой мэдээ