Үндэсний бөхийн “Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-24 10:48:00

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос хоёр жил тутамд зохион байгуулдаг “Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ.


Үндэсний үйлдвэрлэгч найман компани багаа бүрдүүлэн оролцож буй үндэсний бөхийн лигт дархан аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, арслан Б.Орхонбаяр Э.Оюунболд, Э.Батмагнай, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва тэргүүтэй 64 бөх зодоглох юм. Тодруулбал, дархан аварга нэг, улсын аварга нэг, арслан тав, заан долоо, харцага 10, начин 13, аймгийн арслан 23, аймгийн заан хоёр, аймгийн харцага болон начин цолтой тус бүр нэг бөх барилдана.


Зургаан сарын турш үргэлжлэх “Алтан цом”-ын эхний тойрогт “Хамаг Монгол”-той “Хатант интернэшнл” баг барилдана. Харин “Эв Монгол”-той улсын арслан Ц.Бямба-Отгоноор манлайлуулсан “Хубилай хаан” баг оноолт таарчээ. Дээрх дөрвөн багийн барилдаан маргааш болно. Тэгвэл энэ сарын 26-ны ням гарагт залуу арслан Э.Батмагнай тэргүүтэй “Эм Си Эс-Энержи” багийнхан О.Хангай аваргаар ахлуулсан “Од групп”-тэй барилдана. Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй “АПУ”-гийн багтай “Хүлэгү” дэвжээнд гарах юм.


Барилдааны тасалбарын үнэ 30, 60, 90 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд shoppy.mn сайтаар худалдаалж байгаа ажээ.  

Холбоотой мэдээ