Шашны их сургууль бурханч лам Г.Пүрэвбатын нэрэмжит танхимтай боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурхны Шашны Их Сургуулийн Урлахуй ухааны танхимыг СГЗ гэвш, бурхан урлаач доктор Г.Пүрэвбатын нэрэмжит болголоо.
Тус танхимын эрхлэгч Ц.Шийрэвчогдон, "Ийнхүү танхим маань багшийн нэрэмжит болсноор түүний бүтээлийг судлах судалгааны эргэлтэд оруулах олон талын ач холбогдолтой" хэмээн тодотгоод "Багш маань Гандантэгчэнлин хийдийн лам нар эрдэмтэн багш нараасаа бурхан бүтээх дэг жаяг, уламжлалыг өвлөн авсан. Улмаар Энэтхэгийн Дарамсала хотод бурхны шашны урлагийн сургуульд суралцаж, олон төрлийн судалгаа шинжилгээ хийсэн урлахуйн ухааны шүтээн зураг, шүтээн зээгт наамал, шүтээн цутгуур, шүтээн баримал, сүрлэн чимэглэлийг хөгжүүлж чадсан эрдэмтэй хүн байв. Мөн ирээдүйн шавь нараа бэлтгэхийн тулд Урлахуй ухааны танхимыг нээсэн байдаг" хэмээн ярилаа.

Шашны их сургуулийн Урлахуй ухааны танхимыг бурханч лам Г.Пүрэвбат 2010 онд байгуулжээ.
Бурхны шашны
уламжлалт 10 ухааны нэг урлахуйн ухааныг энэ танхимд судлаад
зогсохгүй, бурхан шүтээнийг хэрхэн бүтээх, сүм дуганыг яаж барих арга ухааныг
уламжлалын дагуу зааж сургадаг онцлогтой. Энэ онцлогийг өвлөн авч сэргээн
хөгжүүлсэн гол хүн нь бурханч лам Г.Пүрэвбат байв.
Өндөр гэгээний бүтээлүүдийн нарийн хийц, деталиудын ажиллагааны нарийвчлалыг өөрийнхөө бүтээлд бурханч лам Г.Пүрэвбат шингээсэн нь тод харагддаг. Энэ нь олон шавь нарынх нь бүтээлийн онцлог болон үлдсэнийг Г.Пүрэвбат агсны шавь нар болон хамтран зүтгэгчид танхимыг нээх уг ёслолын үеэр онцолж байлаа.



Улаанбаатар