Монгол, Йорданы ГХЯ-д хоорондын Улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Йорданы Хашимитын Хаант Улсын Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн анхдугаар Зөвлөлдөх уулзалт энэ сарын 23-нд Йорданы нийслэл Амман хотноо болов.
Зөвлөлдөх уулзалтаар талууд хоёр орны улс төр, нийгэм, эдийн
засгийн талаар харилцан мэдээлэл хийж, цаашид Монгол, Йорданы хоёр талын
харилцааг харилцан ашигтай салбаруудад хөгжүүлэх, энэ хүрээнд хүнс, хөдөө аж
ахуй, эрчим хүч, соёл, боловсрол зэрэг салбарт өргөжүүлэх боломж, бололцоог
эрэлхийлж, хоёр улсын худалдаа, аж үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн
хооронд харилцаа тогтооход дэмжлэг үзүүлэхээр болов. Түүнчлэн олон улсын
харилцаа, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцож, НҮБ болон
бусад олон улсын байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаа
харилцан нотлов.
Йорданы ГХЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Дайфалла
Али Аль-Файез зөвлөлдөх уулзалтад оролцож буй монголын талын төлөөлөгчдийг
хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлуудаар
санал солилцов.
Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд “Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Йордан Улсын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны тухай Санамж бичиг”-ийг байгуулж, санамж бичигт Монгол Улсаас Йорданы Хашимитын Хаант Улсад хавсран суугаа Элчин сайд Э.Булган, Йорданы ГХЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Дайфалла Али Аль-Файез нар гарын үсэг зурав.

Улаанбаатар