СОР17 хурлын бэлтгэл хангах ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН 
                                                                    Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг энэ өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурлыг (СОР17) зохион байгуулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатар өнөөдөр Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Төлөвлөлт хариуцсан багийн ахлагч Ражеб Булхаруф СОР17 хурлын бэлтгэл хангах үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашид төлөвлөгөөний дагуу, товлосон хугацаанд бүх бэлтгэл ажлыг бүрэн хангана гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэлээ. Мөн Конвенцын газраас COP17 хурлын зохион байгуулалт, харилцаа холбоо, бодлого төлөвлөлт, үйлчилгээ зэрэг бүхий л чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлээд удирдлага болоод мэргэжилтнүүдийн түвшинд харилцан уялдаатай ажиллаж хамтын ажиллагааг тогтмолжуулахаа онцлов.
БОУАӨ-ийн сайд, Үндэсний хорооны дарга Б.Батбаатар Монгол Улсын Засгийн газар болон холбогдох бүх байгууллагууд хамтын хүчээ нэгтгэн, тус бага хурлыг амжилттай зохион байгуулахад анхаарч буйг онцолж, Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газартай нягт, үр бүтээлтэй хамтран ажиллах нь энэхүү чуулганы амжилтын үндэс болохыг дурдаад COP17 хуралд оролцогчдыг идэвхжүүлэх, зохион байгуулагч орны дэвшүүлэх санал санаачилга, хурлын үр дүнгээр тодорхойлогдох үр дүн зэрэгт онцгой анхаарал хандуулж буйг тэмдэглэлээ.
COP17 хурлын бэлтгэл ажлын хүрээнд Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөөлөгчид Монгол Улсад тогтмол ирж дэмжлэг үзүүлэн ажиллах бөгөөд 2026 оны гурав болон долдугаар саруудад мэргэжлийн багууд ирж хамтран ажиллахаар төлөвлөөд байна.
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    