Иргэдэд гурван төрлийн түлшээс сонголтоороо түлэх боломжийг бүрдүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ 
                                                                    Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд сайжруулсан шахмал болон хагас коксон түлш жиндээ хүрэхгүй байгаа талаар гомдол мэдээлэл ихэссэн.
Тэгвэл холбогдох албаныхан “Тавантолгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллажээ. Энэ үеэр “Тавантолгой түлш” компанийн борлуулалтын албаны дарга О.Мишээл “Манай үйлдвэр 25 кг-аар жинг тохируулдаг автомат савлагааны машинтай. Аравдугаар сарын 7-нд туршилтын савлагааны 400 орчим шуудай түлш жиндээ хүрэхгүй гарч, борлуулалтын цэгүүдэд хүрсэн. Асуудлыг засаж, автомат савлагааны машины жинг тохируулсан” хэмээн ярилаа. Тиймээс цаашид жиндээ хүрэхгүй байх асуудал гарахгүй гэдгийг албаныхан амлав.
Үүнээс гадна иргэдээс сонголттой түлш худалдан авах хүсэлтийг олноор ирүүлж байгаа учраас өнөөдрөөс хагас коксон болон сайжруулсан түлш, угаасан мидлинг гэсэн гурван төрлийн сонголттой түлш худалдаалахаар болж байна. Барьцалдуулагчгүй угаасан нүүрс түлэх хүсэлтийг Шувуун фабрик, Өлзийт, Био, Ботаник зэрэг хотын захын хорооллын иргэд илүүтэй тавьж байгаа учраас тухайн орчимд түлхүү борлуулах аж. Ингэхдээ 25 кг-аар савласан угаасан нүүрсийг эхний ээлжинд туршилтаар 7-10 хоног борлуулж, иргэд гурван түлшээ харьцуулан түлэх боломжийг нь олгох юм байна.
Түүнчлэн түлшийг бүх цэгт ижил хэмжээгээр
өгөхөд зарим цэгт хурдан дуусаж, заримд нь үлдэгдэл гарч байна. Тиймээс хүн
амын нягтаршил ихтэй цэгүүдэд 5-10 тонны хэлбэлзэлтэйгээр түлш хүргүүлэх зохицуулалт хийж байгааг мэдээлэв. 
Ташрамд дурдахад, Өчигдөр шөнө түлшний 315 борлуулалтын цэгт 1700 тонн түлшний үлдэгдэлтэй хоножээ. Нийслэлд 26 аж ахуйн нэгж түлш тээвэрлэж байгаагаас гүйцэтгэл 20 хувьд хүрээгүй байсан хоёрынх нь гэрээг цуцалсан байна.


 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    