Л.Түдэв Монголын сэтгүүл зүйд шинэ өнгө, бүтээлч хандлага оруулж ирснийг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ 
                                                                    Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, XX зууны манлай сэтгүүлч Л.Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Лодонгийн Түдэв-90” дурсамж уулзалт МУБИС-ийн Төв номын санд өнөөдөр боллоо.
Тус уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Л.Түдэвийн 90 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсгийн дарга Д.Рэгдэл “Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч Л.Түдэв” үндсэн илтгэлийг тавив. Тэрбээр илтгэлдээ, “Их унших, гүн сэтгэх, бүтээлч ажиллах, мөч бүрийг цагийн механизм шиг ашиглах, дэл сул аливаа занг үл таашаах, хүн бүрт хариу нэхэлгүй тусч сэтгэлээр хандах, үзэл бодолдоо үнэнч байх, хойчийг холч мэргэнээр угтан харах явдал бол Түдэв маягийн аж төрөх ёсон юм. Л.Түдэв бол Монголын зохиолч, сэтгүүлчдийн байгууллагын манлай удирдагч байсан.
Тухайлбал, өндөр боловсролтой, мэргэжлийн орос хэл, утга зохиолын багш, хэд хэдэн ном зохиол, түүний дотор түүх, хувьсгалын сэдэвт “Уулын үер” романаа 26 насандаа хэвлүүлээд байсан түүнийг МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын хурлаас “Үнэн” сонины утга зохиолын нарийн бичгийн даргаар томилсон юм. Улмаар 1962-1964 онд “Соёл, утга зохиол” сонины эрхлэгчээр ажиллах болсон нь утга зохиол, уран бүтээл талдаа төвлөрөх боломжийг олгосон” хэмээн тодотгов.
 

Д.Рэгдэл академич Л.Түдэв агсныг “Залуучуудын байгууллагын
түүчээ удирдагч, нам төрийн гарамгай зүтгэлтэн, нийгмийг ардчилсан үзэл санаанд
бэлтгэгч, ардчилсан Үндсэн хууль тогтоогч хийгээд төрийн тэргүүнд нэр дэвшигч,
сэтгэгч эрдэмтэн байсан. Тухайлбал, Монголын сэтгүүлчид зөвхөн хүлээн
зөвшөөрөгдсөн сэдвээр бичиж, алдаа эндэгдэл гаргавал хуулийн зүйл ангиар
шийтгүүлж, хэвлэн нийтлэх эрхээ хасуулдаг байсан тэр үед Л.Түдэв өөрчлөн
байгуулалт, ардчилал, шинэчлэлд чиглэсэн нийтлэлүүдийг өөрөө болон редакцын
залуусаар бичүүлж, Монголын сэтгүүл зүйд цоо шинэ өнгө, бүтээлч хандлагыг
оруулж ирсэн. Тийм учраас “Үнэн” сонин, түүний ерөнхий эрхлэгч Л.Түдэв ардчиллыг
төлөвшүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж, нийгмийг өөрчлөх оюун санааны суурийг
тавьж, боломж бололцоог хангасан гэдэгтэй маргах хүн үгүй. 
Товчдоо бол, Алтай нутгийн домогт хөвгүүн Л.Түдэв нь Монгол Улсын тусгаар тогтнол, нийгмийн сайн сайхны төлөө, монгол хүний оюуны санааны эрх чөлөө, үндэстний дархлааг бэхжүүлэхэд үг хэл, үйл хэрэг, сэтгэл зүтгэлээ бүрэн зориулж чадсан давтагдашгүй, мартагдашгүй, орлуулшгүй тууштай эх оронч, зөн совинт их сэтгэгч, ирээдүй судлаач, шилдэг сэхээтэн, төр нийгмийн зүтгэлтэн байлаа” хэмээн түүний амьдрал, уран бүтээлийг зангидаж хэлсэн юм.

Энэхүү уулзалтад ахмад зохиолч сэтгүүлчид, ном зохиолыг нь
шимтэн уншдаг уншигчид, ар гэрийнхнийх нь төлөөлөл оролцож, дурсамж
дурдатгалаасаа хуваалцлаа. Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн
шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, XX зууны манлай сэтгүүлч Л.Түдэвийн
мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх хүрээнд түүний ном зохиолыг
хэвлүүлэх, бүрэн хэмжээний баримтат кино бүтээх, нэрэмжит гудамж нээх, төрсөн
нутаг орноор нь тойрон аялж, зохиогч уншигчдын уулзалт зохион байгуулах зэрэг ажлыг
өрнүүлсэн байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас гаргасан шийдвэрийн хүрээнд хийсэн эдгээр ажлыг иргэдийн дэмжлэгээр тус ойг тэмдэглэх ажлын хэсэг амжилттай зохион байгуулсан болохыг Д.Рэгдэл академич хэллээ.
Л.Түдэв 1950 оноос уран бүтээлээ эхэлж, роман, тууж, өгүүллэг, шүлэг, найруулал,
эссе, шүүмж, нийтлэл зэрэг 1000 хол давсан уран бүтээл туурвиснаас гадаадад 25
ном орчуулагдан хэвлэгджээ. Эдгээр бүтээлүүдээсээ түүвэрлэн 40 боть ном
гаргажээ. Ялангуяа хүүхэд багачуудад зориулсан түүний яруу тансаг, утга төгөлдөр
олон уран бүтээл Монголын өсвөр үеийнхний оюун билгийг тэлж, мэдлэг
ухааныг арвижуулахад онцгой үүрэг гүйцэтгэдэг юм.



 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    