АРХАНГАЙ: Бэлчээрийн талбайн 8.8 хувийг отрын бэлчээр болгож, тусгай хэрэгцээнд авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-11-03 12:35:39

Эрдэнэбулган, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн зуны бэлчээрийн ургац га-д 4.5 цн дундажтай гарсан нь өмнөх оныхоос 0.9 тн-оор илүү ургасан байна. Энэ үзүүлэлтийг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас жил бүр гаргадаг.  


Аймгийн хэмжээнд нийт 2.9 сая га бэлчээрийн талбайтай. Үүнээс 330.9 мянган га-г отрын бэлчээрээр сумдын ИТХ-ын тогтоолоор баталсан нь аймгийн нийт бэлчээрийн талбайн 8.8 хувийг эзэлж байна.


Тухайлбал, орон нутгийн тусгай хэрэгцээний отрын бэлчээрийг харахад Чулуут сум хамгийн их буюу 53.5 мянган га бэлчээрийн талбайг тусгай хэрэгцээнд авсан нь тус сумын нийт бэлчээрийн 21 хувийг эзэлж байна. Дараа нь Хотонт сум 53 мянган га, Булган сум 40.9 мянган га, Ихтамир сум 38.8 мянган га, Цэнхэр сум 36 мянган га талбайг тус тус отрын бэлчээрт авчээ.


Хамгийн бага га-г тусгай хэрэгцээнд авсан нь Өндөр-Улаан сум 50 га, Тариат 240 га, Хангай сум 350 га-г тус тус авсан байна.


Хөдөөгийн хүн ам, мал сүргийг усаар хангах, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2025 онд улсын болон орон нутгийн төсөв, малчдын санаачилгаар 40 уст цэгийг шинээр гаргажээ.   


Аймгийн хэмжээнд 1080 уст цэг байгаагаас ашиглахад бэлэн 967 уст цэг байна.

Холбоотой мэдээ