Афганистанд газар хөдөлсний улмаас 20 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
КАБУЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /AP/. Афганистаны хойд нутагт ням гаргаас даваа гарагт шилжих шөнө 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 20 хүн амиа алдаж, 320 хүн гэмтэж бэртсэн тухай тус улсын Нийгмийн эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Шарафат Заман мэдэгджээ.
АНУ-ын Геологийн судалгааны албанаас мэдээлснээр, шөнийн 01:59 цагт болсон газар хөдлөлтийн голомт нь Хульм суурингаас баруун өмнө зүгт 22 км зайд, 28 км-ийн гүнд байжээ. Афганистаны Байгалийн гамшгийн уршгийг арилгах агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Юсуф Хаммадын хэлснээр, бэртсэн хүмүүсийн ихэнх нь хөнгөн гэмтэл авсан бөгөөд анхны тусламж үзүүлсний дараа эмнэлгээс гарсан байна.
Өнгөрсөн шөнө болсон газар хөдлөлтийн улмаас хамгийн их
хохирол амссан Балх, Саманган мужуудад аврах болон яаралтай тусламж үзүүлэх багууд
очиж, гэмтэж бэртсэн хүмүүсийг тээвэрлэх, гамшигт нэрвэгдсэн гэр бүлүүдэд туслах ажиллагааг эхлүүлсэн гэж Афганистаны Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн
байна.
“Талибан”-ы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Забихулла
Мужахид X хуудсаараа дамжуулан мэдээлэхдээ, Афганистаны Балх, Саманган, Баглан
мужуудад хүний амь эрсдэж, санхүүгийн хохирол учирсан
гэлээ. Тэрбээр хүнд гарз хохирол учирсанд харамсаж байгаагаа илэрхийлээд, засгийн
газрын холбогдох байгууллагууд газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст шаардлагатай
тусламжийг үзүүлэхээр яаравчлан ажиллаж байгааг онцолжээ.
Афганистаны албаны хүмүүсийн мэдээлснээр, газар хөдлөлт хойд
нутгийн Балх мужийн нийслэл Мазари-Шариф хотод ч мөн мэдрэгдсэн байна. Нийгмийн
сүлжээнд цацагдсан дүрс бичлэгээс үзэхэд, Мазари-Шариф хотын түүхэн дурсгалт
Хөх сүм эвдэрч сүйдсэн нь харагдана. Гэхдээ хананаас нь хэд хэдэн тоосго унасан
боловч сүм бүрэн бүтэн хэвээр байна. Олон зууны түүхтэй энэхүү газар нь
Афганистаны хамгийн хүндтэй шашны дурсгалт газруудын нэг бөгөөд шашин, соёлын баяр ёслолын үеэр хүмүүсийн цуглардаг
гол газар юм.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Кабул болон Афганистаны бусад
хэд хэдэн мужид мэдрэгдсэн байна. Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр,
Кабулыг Мазари-Шарифтай холбосон хурдны замыг хад чулуу нурахаас сэргийлэн түр хугацаанд хаасан боловч удалгүй нээжээ. Хурдны зам дээр гэмтэж,
гацсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна.
Даваа гаргийн газар хөдлөлт нь Афганистаны зүүн хэсэгт
болсон аймшигт газар хөдлөлтөөс хэдхэн долоо хоногийн дараа болсныг Афганистан
дахь НҮБ-ын салбарын хийсэн мэдэгдэлд дурдаад, НҮБ-ын багууд нөхцөл байдлыг
үнэлж, яаралтай тусламж үзүүлэхээр газар дээр нь ажиллаж байгааг мэдэгджээ. “Бид
гамшигт нэрвэгдсэн орон нутгийн иргэдэд шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэх
болно” гэж уг нийтлэлд дурдсан байна.
Афганистан улс сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа хүчтэй газар
хөдлөлтөд нэрвэгдээд байгаа бөгөөд ядуу буурай улсын хувьд алслагдсан
бүс нутагт ийм байгалийн гамшиг нүүрлэсэн тохиолдолд хариу арга хэмжээ авахад
бэрхшээлтэй тулгардаг. Байшин барилгуудын хувьд ихэвчлэн бетон, тоосгоор барьсан
намхан байгууламжууд байдаг бол хөдөө орон нутаг, захын хорооллын
байшингууд нь шавар тоосго, модоор баригдсан тул амархан нурдаг байна.
Энэ оны наймдугаар
сарын 31-нд Афганистаны зүүн нутагт Пакистантай залгаа хилийн ойролцоо 6.0 магнитудын
хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 2200 гаруй хүн амиа алджээ. Түүнчлэн 2023
оны 10 дугаар сарын 7-нд 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлж, түүний дараа
хүчтэй чичирхийллүүд болсноор хамгийн цөөндөө 4000 хүн амиа алдсан гэж “Талибан”-ы
засгийн газар мэдэгдсэн байна.
Улаанбаатар