Агаар мандал дахь CO2-ын агууламж түүхэн дээд хэмжээнд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-10-16 15:50:13

ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 16 /AP/. Агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн /CO2/ агууламж өнгөрсөн онд түүхэнд үзэгдээгүй ихээр өссөн гэж НҮБ лхагва гарагт мэдэгдээд, хорт хийн ялгарлыг бууруулах чиглэлд яаралтай арга хэмжээ авахыг уриалжээ. 


Дэлхийн дулааралд ихээхэн нөлөөлж буй CO2, метан, азотын исэл гэсэн гурван гол хүлэмжийн хийн агууламж 2024 онд дахин нэмэгдэж, шинэ дээд үзүүлэлтэд хүрсэн гэж НҮБ-ын цаг уурын агентлаг мэдэгдсэн байна. Дэлхийн цаг уурын байгууллагаас /ДЦУБ/ мэдээлснээр, агаар мандал дахь CO2-ын агууламжийн 2023-аас 2024 оны хооронд ажиглагдсан өсөлт нь 1957 оноос ийм төрлийн мэдээллийг эмхэтгэж эхэлснээс хойших нэг жилийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Бразилын Белем хотноо ирэх 11 дүгээр сарын 10-21-ний өдрүүдэд болох НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх COP30 бага хурлыг угтан лхагва гарагт танилцуулсан тайланд агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламжид голчлон анхаарал хандуулсан байна. Ирэх сард танилцуулах НҮБ-ын өөр нэгэн тайланд хорт хийн ялгарлын өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй тайлбарлах бөгөөд дэлхий даяар газрын тос, хий, нүүрсийг шатаасаар байгаа тул энэ тоо жил ирэх тутам нэмэгдэх төлөвтэй байна.


Ийм байдал нь 2015 онд байгуулсан Парисын хэлэлцээрийн дагуу дэлхийн дулаарлыг 1850-1900 оны агаарын температурын дунджаас 1.5 хэмээс дээш хэтрүүлэхгүйгээр тогтоон барих зорилгод хүрэх боломжийг багасгаж байна. Хуурай газар, далай тэнгисүүд CO2-ыг шингээх чадваргүй болж, агаар мандалд их хэмжээгээр хүлэмжийн хийг үлдээж байгаад “маш их санаа зовниж” байгаагаа ДЦУБ илэрхийлжээ.


“CO2 болон бусад хүлэмжийн хийгээс үүдэлтэй дулаан нь уур амьсгалыг өөрчилж, цаг агаарын эрс тэс үзэгдлүүдийг өдөөж байна. Тиймээс хорт хийн ялгарлыг бууруулах нь зөвхөн уур амьсгалд төдийгүй эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн сайн сайхан байдалд чухал ач холбогдолтой” гэж ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ко Барретт хэллээ.


Өнгөрсөн он нь 2023 онд бүртгэгдсэн өмнөх дээд үзүүлэлтийг эвдсэнээр түүхэн дэх хамгийн дулаан жил болсныг ДЦУБ сануулжээ. Тус байгууллагын жил тутмын товхимолд дурдсанаар, 2024 онд нүүрстөрөгчийн давхар исэл, метан болон азотын ислийн агууламж шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ. Тодруулбал, CO2-ын агууламж 1750 оноос өмнөх буюу аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 152 хувь, метаных 266 хувь, азотын ислийнх 125 хувиар тус тус нэмэгдсэн байна.

 


Холбоотой мэдээ