БАЯНХОНГОР: Төгсөгчид мод тарих соёлыг дэлгэрүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-10-16 09:53:18
Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Номгон сургуулийг 1995 онд төгсөгчдөөс 30 жилийн ойдоо зориулан төрөлх сургуулийнхаа гадна талбайд 50 ширхэг гацуур мод тарилаа.

Төгсөгчдийн төлөөлөл хэлэхдээ, "Төгсөлтийнхөө ойн хүрээнд эх байгалиа хайрлан хамгаалах, ногоон ирээдүйг цогцлоох, уур амьсгалын өөрчлөлт эсрэг үр дүнтэй тэмцэх зорилгын хүрээнд мод тарьцгаалаа. Эрдмийн гараагаа эхлүүлсэн сургууль, анги хамт, төгсөлтөөрөө зөвхөн ойн баяр тэмдэглээд өнгөрөх биш орон нутагтайгаа эргэх холбоотой ажиллах шийдлийг дэвшүүлж байгаа" гэдгийг онцолж байв.

Баянхонгор аймагт ЕБС төгсөгчид болон төгсөгчдийн ойн уулзалтаараа хамт олноороо мод тарих соёл дэлгэрч байгаа бөгөөд энэ онд төгсөгчид нийт 500 орчим модыг тариад байна. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сард Номгон ахлах сургууль, Гэгээн сумади сургууль, цэцэрлэгийн цогцолбор, Номун далай цогцолбор сургуулийн төгсөх сурагчид, ангийн багш нартайгаа хамтран гурван нэр төрлийн (улиас, бургас, хайлаас) 400 гаруй мод тарьсан юм.

"Сум дундын ойн анги” ОНӨААТҮГ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Төгсөгчдийн төгөл” аяны хүрээнд сурагчид Сум дундын ойн ангийн их ургамлын талбайд мод тарьсан. Аяны хүрээнд төгсөгчид өөрийн нэрийн модтой болж дурсамж бүтээхийн сацуу аймгийнхаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хүрээлэн байгаа орчны бохирдол, доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилготой мод тарих өдөрлөгийг тогтмолжуулж байгаа юм байна.

"Төгсөгчдийн төгөл" байгуулах нь ЕБС-ийн төгсөлтийн баяр, бусад баяр ёслолоор мод тарьдаг хэвшил дадал бий болж, байгаль орчны чиглэлээр залуу боловсон хүчний дутагдлыг бууруулах, экологийн мэдлэг олгох олон давуу талтай. Мод тарих нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийг тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой.


Холбоотой мэдээ