БАЯНХОНГОР: "Өлзийт" МБС сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-10-16 11:41:52

Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг дахь "Өлзийт" Мэргэжлийн Боловсролын Сургууль /МБС/ агаар, усны бохирдлыг саармагжуулж, ногоон хөгжлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд 700Вт-ын нэгж чадалтай нарны дэлгэц бүхий 30 кВт хайбрид, 30кВт сүлжээ бүхий системийг хослуулан ажиллуулах горимыг тохируулан үйл ажиллагаандаа сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж эхэлжээ.

Баянхонгор аймаг болон баруун бүсийн хөдөө аж ахуйн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээнд тулгуурлан 2006 онд байгуулагдсан тус сургууль аймаг болон ойролцоох бүсийн хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.


Сургалтын гол чиглэл нь хөдөө аж ахуй (ХАА) бөгөөд энэ салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд онцгой анхаарал тавьдаг төдийгүй сургалт, судалгаа, үйлдвэрлэл, борлуулалтын бүрэн цогц үйл ажиллагааг явуулж, онолын болон практик мэдлэгийг хослуулан сургалт явуулдаг онцлогтой. Энэ нь сурагчдад онолын мэдлэг олгохоос гадна, бодит үйлдвэрлэлд оролцох боломж олгож, туршлага хуримтлуулахад нь тусалдаг байна.

Сонирхуулахад, Баянхонгор сумын ЗДТГ, “Өлзийт” ХАА-н МСҮТ, суралцагчид Баянхонгор сумын 300 иргэнийг мэргэжлийн боловсролтой болгох гурвалсан гэрээг өнгөрсөн онд байгуулсан. “Өлзийт” МБС ойжуулагч, хүнсний ногооны фермер, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн ажилтан мэргэжлээр жил бүр элсэлт авдаг бөгөөд гэрээний хүрээнд хүнсний ногооны фермер ангид 100, ойжуулагчийн ангид 100, сүү сүүн бүтээгдэхүүний ангид 100 суралцагч элсүүлэн сургаж байна.

Холбоотой мэдээ