ТӨВ: Манзушри хийдийн Цогчин дуганы туурь өнөөг хүртэл бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Анхны дуган, дацангийн томоохон нэг төлөөлөл бол Манзушир хийдийн Цогчин дуган юм. Тус дуганыг 1930-аад оны сүүлээр эвдэж устгасан ч туурь нь өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн байдаг.
Дуганыг 1733 онд барихдаа нутгийн Тулгат өвгөний хар шараар барилгын модыг зөөж, Очирбат сайн ханы өргөл болон ардын өргөл мянган лан мөнгөөр төвөд 7 лам, монгол барилгачдын оролцоотойгоор барьж байгуулжээ.
Тус сүмийн 4 баганы нэгэнд нь нүх ухаж, дуганы ханыг босгосон он, сар, өдрийн түүхийг бичиж хийгээд модоор таглаж суулгасан гэдэг.
Дуган нь шавар барилга байсан бөгөөд гол шүтээн нь Балдан, Лхам бурхан байв. Цогчин дуганд Цагаан дара эх, Ригсүмгомбо, Лхам сахиусыг залж өдөр тутмын ерөөлийг өргөж, лам нар цогчин хурал хурдаг байжээ.
Ерөөл гэдэг бол сайныг хүсэх, бурхад, догшидыг магтсан шүлгээр алив хүслийг бүтээхэд зориулан унших залбирал юм. Сүсэгтнүүд байнга тойрч эргэж мөргөдөг гол шүтээний сүм нь энэ байжээ.
Эргэн тойронд нь Сэрүүн лаврин, Асар хаалгатай хөх тоосгон ордон, гэр дуган зэрэг барилгууд байсан ч 1930-аад онд мөн эвдэрч устжээ.
Эх сурвалж:
Ж.Өлзий.
Уран барилгын дурсгалт Манзушир хийдийн сүм, дуган ба Манзушир ламын тухай .
Улаанбаатар хот 1989 он
Ш..Цэрэндоо
“Манзуширийн хийд хийгээд хутагтууд” 2009 он. тал 16
З.Нинжбадгар
“Монголын сүм хийд-20-р зууны эхэн” 2019 он