ХАМАС: Барьцааны хүмүүсийн цогцсыг бүгдийг нь хүлээлгэж өгсөн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-10-16 09:37:36

ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 16 /CNN/. Газын зурваст барьцаанд байсан хүмүүсийн олох боломжтой цогцсуудыг бүгдийг нь хүлээлгэн өгсөн гэж ХАМАС бүлэглэл мэдэгджээ. Үүний дараа Израилын цэргийнхэн мэдээлэхдээ, барьцаанд байсан хүмүүсийн цогцос бүхий хоёр авс одоо Израилд байгаа гэсэн байна. 


Барьцааны хүмүүсийн цогцсыг шилжүүлэх өгөхтэй холбоотой маргаан үүсээд буй энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп CNN телевизэд хэлэхдээ, хэрвээ ХАМАС гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлэхгүй бол Израилын цэргүүд “намайг үг хэлсэн даруйд” Газын зурваст байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэжээ.


Гэсэн хэдий ч ХАМАС бүлэглэлийнхэн барьцааны хүмүүсийн цогцсыг гаргаж өгч чадахгүй байгааг гал зогсоох гэрээнд заасан амлалтыг зөрчсөн үйлдэл гэж АНУ үзэхгүй  байна.


Израилын талаас НҮБ-д мэдээлэхдээ, ХАМАС бүлэглэлийнхэн барьцааны хүмүүсийн цогцсыг хүлээлгэн өгөхдөө хойрго хандаж байгаа тул Газын зурвас руу нэвтрүүлэх тусламж ачсан ачааны машинуудын тоог цөөрүүлнэ эсвэл хойшлуулна гэжээ.


Харин Газын зурваст нэн хэрэгцээтэй тусламжийг нэвтрүүлэхийг уриалж буй хүмүүнлэгийн бүлгүүд тусламжийг “тохиролцооны хэрэгсэл” болгон ашиглах ёсгүй гэж үзэж байна.


Израилын талаас 90 палестин хүний ​​цогцсыг Газын зурваст шилжүүлэн өгсөн гэж Палестины Эрүүл мэндийн яам мэдэгджээ. Үүний зэрэгцээ сүүлийн өдрүүдэд Газын зурвас даяар ХАМАС болон өрсөлдөгч бүлэглэлүүдийн хооронд ширүүн мөргөлдөөн болж байна. 



Холбоотой мэдээ