МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

Мадакаскарын Ерөнхийлөгч эх орноосоо явжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-10-14 10:07:23

АНТАНАНАРИВУ, 2025 оны аравдугаар сарын 14 /DW/. Мадагаскарын Ерөнхийлөгч Андри Разуелина өөрийнх нь удирдлагад олон нийт дургүйцэх нь ихэссэний дараа ням гарагт эх орноо орхин явсан тухай хэвлэлүүд мэдээлжээ. 


А.Разуелина улс орноо орхин явсан болох нь даваа гарагт батлагдсан бөгөөд цэргийн гол фракцын дэмжлэгийг алдсаны дараа ийм үйл явдал болсон байна. Тэрбээр өөрийнх нь эсрэг төрийн эргэлт хийхийг турхирсан гэж тус фракцын зарим гишүүнийг буруутгаж байжээ.


Ерөнхийлөгчийг эх орноосоо явсан тухай мэдээг сөрөг хүчний удирдагч Сайтни Рандрианасолониайко баталжээ. Тэрбээр "Reuters" агентлагт өгсөн тайлбартаа ерөнхийлөгчийн ажлын албаны ажилтнуудтай хийсэн яриагаа эш татан татсан байна. 


“Ерөнхийлөгч эх орноо орхин явсан, бид ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнуудтай утсаар холбогдоход тэд түүнийг эх орноо орхин гарсан гэдгийг баталсан” гэж С.Рандрианасолониайко хэлээд, А.Разуелина одоо хаана байгаа нь тодорхойгүй байна хэмээн нэмж хэлжээ.


А.Разуелинаг огцрохыг шаардсан залуучуудын жагсаал сүүлийн хэдэн долоо хоногийн турш үргэлжилсний дараа тэрбээр улс орноо орхин явсан байна. Ерөнхийлөгчийн Тамгын газраас өмнө нь түүнийг улс орондоо байгаа гэж мэдэгдэж байв. Өдгөө 51 настай тэрбээр лхагва гаргаас хойш олны өмнө гараагүй байна.


2014 онд Францын иргэн болсон А.Разуелина Ерөнхийлөгч Эммануэл Макронтой байгуулсан гэрээний дагуу Францын цэргийн нисэх онгоцоор эх орноосоо явсан гэж Францын хэвлэлүүд мэдээлжээ. Харин даваа гарагт Египетэд үг хэлэх үеэрээ Э.Макрон Францын тал А.Разуелинаг зугтахад тусалсан эсэхийг батлаагүй бөгөөд зөвхөн “Мадагаскарт үндсэн хуулийн дэг журмыг хадгалах ёстой” гэж мэдэгдсэн байна.


А.Разуелинагийн ажлын албанаас түүнийг даваа гаргийн 19:00 цагт ард түмэндээ хандаж үг хэлнэ гэж мэдэгдсэн боловч “цэргийнхний бүлэг төрийн өмчит хэвлэл мэдээллийн хэрэгслийг хяналтдаа авна гэж заналхийлсэн” учир тэрбээр хоёр ч удаа мэдэгдэл хийхээ хойшлуулахаас өөр аргагүйд хүрсэн гэжээ. Түүний багийнхан асуудлыг шийдэхийн тулд хэлэлцээ хийж байгаагаа мэдэгдсэн боловч өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Холбоотой мэдээ