АНУ, Украины төлөөлөгчид уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ХАЛЛАНДЕЙЛ, 2025 оны арванхоёрдугаар сарын 7 /Anadolu/. АНУ-ын тусгай элч төлөөлөгч Стив Уиткофф болон Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнер нар Украины төлөөлөгчидтэй дайныг зогсоох алхмуудын талаар хэлэлцсэн гэж Төрийн департамент мэдэгджээ.
Талууд сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд зургаа дахь удаагаа уулзсан нь энэ юм. Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров, Жанжин штабын дарга Андрей Хнатов нартай хийсэн хоёр өдрийн хэлэлцээ нь Украинд бат бөх, шударга энх тайван тогтооход чиглэсэн гэж яамны мэдэгдэлд дурджээ.
Украины тал “тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалж,
украинчуудын аюулгүй байдлыг хангаж, ардчилсан ирээдүйн тогтвортой суурийг
бүрдүүлэхийг” эн тэргүүнд тавьж байгааг Р.Умеров дахин нотолсон байна. Мөн талууд
Оросын албан тушаалтнуудтай Америкийн талын саяхан хийсэн уулзалтын үр дүн, дөрвөн
жилийн нүүр үзэх гэж буй дайныг зогсоох алхмуудын талаар хэлэлцжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гарагт Москва
хотноо С.Уиткофф, Ж.Кушнер нартай уулзаж, энхийн төлөвлөгөөний талаар хэлэлцсэн
юм. Хэлэлцээний дараа Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгдэхдээ, Флоридад
үргэлжилж буй АНУ-Украины хэлэлцээрийн үр дүнг Вашингтон хуваалцана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Флоридад АНУ, Украины төлөөлөгчид удаан хугацааны турш энх
тайвныг хадгалахын тулд шаардлагатай тогтоон барих чадавхын талаар хэлэлцэж,
аюулгүй байдлын зохицуулалтын талаар тохиролцсон байна. Талууд аливаа
хэлэлцээрт хүрэх бодит ахиц дэвшил нь “Оросын тал урт хугацаанд энх тайвныг
хангах, түүний дотор хурцадмал байдлыг намжаах зэрэг алхмуудыг хийхэд бэлэн
байгаа эсэхээс хамаарна” гэдгийг онцолжээ.
Улаанбаатар