А.Бабиш Чехийн Ерөнхий сайдаар томилогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-12-10 16:16:22

ПРАГА, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. Чехийн барууны популист улстөрч болох Андрей Бабиш парламентын сонгууль болсноос хоёр гаруй сарын дараа тус улсын Ерөнхий сайдаар дахин томилогдлоо.


Мягмар гарагт Чехийн Ерөнхийлөгч Петр Павел Прага цайзад болсон ёслолын ажиллагааны үеэр өдгөө 71 настай тэрбумтан, өмнө нь сангийн сайд болон Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан А.Бабишийг тангараг өргүүлэн албан ёсоор томилжээ.


А.Бабиш товч үг хэлэхдээ, иргэдийнхээ эрх ашгийг эх орондоо төдийгүй дэлхий даяар хамгаалан ажиллана гэж амлажээ. “Би Бүгд Найрамдах Чех Улсыг манай гараг дээрх амьдрахад хамгийн таатай газар болгохын төлөө чадах бүхнээ хийнэ” хэмээн тэрбээр хэлсэн байна. 


Одоогийн баруун төвч үзэлт эвслийг орлох шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг А.Бабиш энэ сарын сүүлчээр танилцуулах төлөвтэй байна. Түүний танхимд Оросын талыг баримтлагч, цагаачлалыг эсэргүүцдэг “Эрх чөлөө ба шууд ардчилал” намын төлөөллүүд, мөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой Европын Холбооны бодлогыг шүүмжилдэг барууны популист “Автомашин эзэмшигчид өөрсдийнхөө төлөө” нам багтах юм.


А.Бабиш Ерөнхийлөгч Павелын шаардлагыг биелүүлэв

Томилгооны өмнө А.Бабиш, Ерөнхийлөгч П.Павел нарын хооронд үүссэн зөрчил маргаан хэдэн долоо хоног үргэлжилжээ. П.Павел А.Бабишаас бизнес, улс төрийн ашиг сонирхлын давхардлаа шийдвэрлэхийг шаардсан байна. А.Бабиш өөрийн эзэмшлийн, тус улсын хамгийн олон салбартай Agrofert концерноос татгалзсанаар маргаан шийдэгдлээ гэж Чехийн Ерөнхийлөгч энэ сарын эхээр мэдэгдсэн байна.  “Андрей Бабиш бидний тохиролцоог биелүүлж, ашиг сонирхлын зөрчлөө хэрхэн шийдвэрлэсэн талаараа олон нийтэд ойлгомжтойгоор мэдээлсэнд би талархаж байна. Үүнтэй холбогдуулан би түүнийг 12 дугаар сарын 9-ний мягмар гаргийн 09:00 цагт Ерөнхий сайдаар томилох шийдвэр гаргалаа” гэж П.Павел мэдэгджээ.


Үүнээс цаг орчмын өмнө А.Бабиш X нийгмийн сүлжээний хуудсандаа нийтэлсэн дүрс бичлэгтээ, Ерөнхий сайдаар томилогдохын тулд тавигдсан болзлыг биелүүлнэ, өөрөөр хэлбэл, Agrofert-аас “эргэж буцах боломжгүйгээр татгалзана” гэж мэдэгджээ. Тэрбээр улс төрөөс явсны дараа ч гэсэн тус компанийг дахин удирдахгүй гэдгээ дурдсан байна. А.Бабишийн хэлснээр, 250 гаруй компанийг нэгтгэдэг уг концерныг хараат бус менежерүүд удирдаж, өөрийг нь нас барсны дараа хүүхдүүд нь өвлөн авна гэжээ.


Аравдугаар сарын эхэнд болсон парламентын сонгуульд А.Бабишийн тэргүүлдэг АNO нам сонгогчдоос хамгийн олон санал (34.51 хувь) авчээ. Тэрбээр өмнө нь 2014-2017 онд Сангийн сайд, 2017-2021 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм.

ANO нам барууны популист өөр хоёр нам болох “Эрх чөлөө ба шууд ардчилал” (SPD), “Автомашин эзэмшигчид өөрсдийнхөө төлөө” намуудтай эвсэх гэрээ байгуулснаа 11 дүгээр сард мэдэгдсэн. Ингэснээр гурван нам нийлээд Төлөөлөгчдийн танхимын 200 суудлын 108-ыг эзэлжээ.

Холбоотой мэдээ