Европын сагсан бөмбөгийн шинэ лигийг байгуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЖЕНЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Xinhua/. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /ФИБА/ 2027 онд Европын клубүүдийн шинэ тэмцээн эхлүүлэх төлөвлөгөөг Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоотой /НБА/ хамтран боловсруулж байгаа талаар ФИБА-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загклис мягмар гарагт мэдэгджээ.
“Энэхүү ажил биеллээ олно гэж би бодож байна. Гэхдээ бидэнд НБА-ийн холбогдох зөвлөлүүд болон ФИБА-ийн Төв зөвлөлийн зөвшөөрөл хэрэгтэй. 2027 оны 10 дугаар сар бол бодит байдалд тулгуурласан зорилтот хугацаа юм. Энэ бол Дохад болох ФИБА-гийн сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хөшгийг хааж, Европын клубүүдийн сагсан бөмбөгийн ертөнцийг эергээр бүрдүүлэх шинэ төсөл рүү шилжих хамгийн тохиромжтой цаг үе юм” гэж А.Загклис ФИБА-гийн жил тутмын цахим хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.
Европын 16 баг оролцох мэргэжлийн эрэгтэйчүүдийн лиг байгуулахаар төлөвлөж байгаагаа ФИБА-гийн Европ дахь салбар болон НБА энэ оны гуравдугаар сард зарласан билээ. НБА-ийн Европ болон Ойрх Дорнод хариуцсан гүйцэтгэх захирал Жорж Айвазоглу өмнө нь Лондон, Парис, Ром, Берлин, Барселона зэрэг хотуудыг зохион байгуулах боломжтой газруудаар нэрлэсэн боловч тэмцээний албан ёсны нэр, эхлэх огноог эцэслэн тогтоогоогүй байна.
А.Загклис уг тэмцээн нь зөвхөн НБА-ийн "бүтээгдэхүүн" бус, харин хамтарсан ажил байх болно гэдгийг онцолжээ. “Би үүнийг НБА-ийн тэмцээн гэж нэрлэхгүй, учир нь ФИБА нэг хэсэг нь байх болно. Харин НБА-ФИБА-гийн тэмцээн гэж нэрлэхийг хүсвэл би санал нийлнэ. НБА бол энэ төслийн нэг хэсэг юм” гэж тэрбээр тайлбарласан байна.
Улаанбаатар