Худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд, дэмжлээ.
Байнгын хорооны гишүүдийн зүгээс хэлэлцээр хэрэгжиж эхлэхээс
өмнө хуулийг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолыг гаргах нь зүйтэй гэж үзэв. Мөн
тамхины онцгой албан татвартай холбоотой тэгш бус худалдааны асуудал үүсгэхгүй
байх тал дээр анхаарахыг чухалчиллаа. Хэлэлцээр соёрхон батлагдсанаар манай
улсын үйлдвэрлэл эрхлэгчид 367 нэр төрлийн барааг 10 тэрбум ам.долларын зах
зээл рүү гарах боломж бүрдэж байгаа юм. Хэлэлцээр гурван жилийн хугацаатай
бөгөөд оролцогч талуудаас ямар нэгэн хүсэлт гаргаагүй бол үргэлжлүүлэн сунгагдана.
Үүний дараа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Эрчим хүчний
салбар”-ын өнөөгийн байдал, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн
бодлого, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, хариуцлагын талаар
танилцууллаа. Манай улс эрчим хүчний хэрэглээнийхээ 75.4 хувийг дотоодын
үйлдвэрлэлээр хангаж, 24.6 хувийг импортоор авдаг. Хөгжлийн таван жилийн үндсэн
чиглэлд 2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээгээ дотоодоос бүрэн хангах,
сэргээгдэх эрчим хүчний 20.2 хувийн хэрэглээг 30 хувьд хүргэх зорилт тавьжээ.
Улаанбаатар хотод гадаа -39С хэмд хүрэхэд дулаан хангамжийн систем чадлын дутагдалд орох эрсдэл өндөр хэвээр байна. Сүүлийн жилүүдэд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын I блок, Сонгино дэд станц, Багануурын батарей хуримтлуурын станц, Дорноговь, Хөвсгөл, Чойбалсан, Тосонцэнгэлд цахилгаан станц ашиглалтад орсон хэдий ч жил бүр өсөн нэмэгдэж буй цахилгаан дулааны эрэлтийг хангаж чадахгүй байгаа. Тиймээс эрчим хүчний салбарт төр хувийн хэвшлийн түншлэл, хувийн хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллаж байгаа аж.
Улаанбаатар