БУЛГАН: Нүүдлийн шувууд чуулдаг Борогчины цагаан нуур

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-12-10 11:27:48

Булган, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг, Туул, Хар бухын голын дунд далайн түвшнээс дээш 960 м өндөрт оршдог нуурыг нутгийн иргэд Борогчины цагаан нуур хэмээн нэрлэдэг. 


МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн багш профессор С.Гомбобаатар түүний хамтран зүтгэгчид болон Монголын шувуу судлалын нийгэмлэг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Зүүн Ази, Австрали-Азийн нүүдлийн шувууны сүлжээ олон улсын байгууллага хамтран Булган аймгийн Дашинчилэн, Баяннуур сумын нутагт оршдог Их цагаан нуурт гурван жил нүүдлийн шувуудын судалгааг хийжээ.


Үүний үр дүнд тус нуурыг Зүүн Азийн хэмжээнд нүүдлийн шувуудад чухал ач холбогдолтой болохыг тогтоожээ.


Зүүн Ази-Австрали Азийн шувуудын нүүдлийн зам нь дэлхийд ховордсон 28 төрлийн 250 зүйлийн 50 гаруй сая бодгаль нүүдлийн усны шувуудын нутаг юм. Усны шувуудад дараагийн газар хүртэл нүүдэллэхэд шаардагдах эрч хүчийг нөхөх идэш тэжээл чухал.


Олон улсын хамтын ажиллагаа нь нүүдлийн шувууд, тэдгээрийн үржлийн болон өвөлждөг нутаг, нүүдлийн үедээ бууж амрах, хооллодог газрыг хадгалж, хамгаалахад голлох үүрэгтэй. Энэ түншлэлд Монголоос дараах 11 газар буюу Дашинчилэн сумын Их цагаан нуур, Тэрхийн цагаан нуур, Өгий нуур, Увс нуур, Хяргас нуур, Хар ус нуур, Ганга нуур, Буйр нуур, Дагуур нуурууд бүртгэгдсэн байдаг ажээ.


Нуурын зүүн эргээр Баяннуур сумын нутаг баруун эргээр Дашинчилэн сумын нутагт байдаг. Нуур 2.9 км урт, 1.5 км өргөн, эзлэхүүн нь 2.6 сая м.куб, эргийн шугамын урт нь 6.8 км, гүн нь 2,6-3 м, эрдэсжилт нь 13,51 г/л карбинат натрийн төрөлд багтдаг байгалийн шүү хужиртай байна. Энэхүү байгалийн шүүг орон нутгийнхан аж ахуйн хэрэгцээндээ ашигладаг байна.


Ажиглахад нуурт “цагаан” хэмээн тодотгосон нэр элбэг байгаа нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын Бөөн цагаан нуур, Хэнтий аймгийн Биндэр сумын Цагаан нуур, Архангай аймгийн Цэцэрлэг, Хөвсгөл аймгийн Рашаант сумын заагт Дөрөө цагаан нуур, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг, Дархадын хотгорт Доод цагаан нуур, Архангай аймгийн Тариат сумын нутагт Тэрхийн цагаан нуур, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын нутагт Таацын цагаан нуурууд байдаг ажээ.

  



Холбоотой мэдээ