ЗАВХАН: Тахийн тал нутгийн малчид, тэмээний ноосоо үнэд хүргэсэн түүх
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Онц, Тавантолгой багийн малчин эмэгтэйчүүд нөхөрлөл, бүлэг болж, торомны ноосоороо бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад зах зээлд борлуулж байна.
Сүүлийн 10 жилд Онц, Тавантолгой багийн нутагт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр зарим жилийн зун бороо чийггүй, хуурай салхитай. Бэлчээрт өвсгүй зүдрэхийн хажуугаар өвөлдөө шуургатай зудтай жилүүд ойр ойрхон тохиожээ.
Байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ойртож, жилийн дөрвөн улиралд шороон болон цасан шуурга шуурна. Энэ мэтчлэн чадал сорьсон жилүүдэд хэдэн малаа борлуулж зарим нь хот сууриныг бараадсан байна. Гэхдээ л тус сумын багийн иргэдээс хамгийн цөөн хүн суурин газрыг бараадаж, малаа, нутгаа, бууриа сахин үлдсэн малчдын ихэнх нь Онц, Тавантолгойнхон юм. Аймгийн төвөөс 300-400 орчим км алслагдсан Онц багийн нутаг газар зүйн байршлын хувьд өвөрмөц онцлогтой.
Тус бүс нутагт "Хомын талын
тахь" ТББ 2014 онд үүсгэн
байгуулагдсанаасаа хойш Францын тахь хамгаалах нийгэмлэгтэй хамтран өнөөдрийг
хүртэл тус нутагт тахийн сүргийг эх нутагтаа идээшин дасах судалгаа, боломжийг
бий болгож, нутгийн уугуул иргэдтэй хамтран хамгаалах ажлыг хийж байгаа нь олзуурхууштай.
Нутагтаа өсгөн үржүүлж буй тахьтай хамт нутгийн уугуул малчид уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах олон талын мэдлэг, чадвар, дадлыг дээрх төрийн бус байгууллагаар дамжуулан хүртэж байгаа сайн жишээ бол Онц, Тавантолгой багийн малчин эмэгтэйчүүд юм.

Торомны ноосоо үнэд хүргэсэн малчдын бүтээлүүд
Тэд "Хомын
талын тахь" ТББ-ын дэмжлэгээр амьжиргаагаа дэмжиж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх,
бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх олон талын ажлыг хийж байгаагийн нэг нь ноосон
бүтээгдэхүүн юм.
…”Хомын
талын малчид, ялангуяа малчин эмэгтэйчүүдийн нөхөрлөлүүд малынхаа түүхий эдээр
хийсэн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргаж байгальд ээлтэйгээр өрхийн
орлогоо нэмэх боломжийг хүртэж байна.
Өөрөөр
хэлбэл, тахийн тал нутаг болох Дөрвөлжин сумын Хомын талын уугуул иргэд,
малчдад ямаанаас илүү тэмээг маллах, өсгөх тал дээр нь анхааран ТББ-аас дэмжиж
ажилладаг. Тэмээн сүргийн өсөлт нь зөвхөн бэлчээрийн талхлалтыг бууруулахад
чухал ач холбогдолтой төдийгүй түүний ноос, ялангуяа торомны ноосоороо байгальд
ээлтэйгээр өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг малчдад өгдөг.
“Хомын талын тахь” ТББ нь 2012 оноос эхлэн жил бүр торомны ноос экспортолж ирсэн бөгөөд энэ хугацаанд нийт 3–4 тонн орчмыг 10 гаруй малчин өрхөөс худалдан авч Франц улс руу экспортолжээ.

“Хомын талын тахь” ТББ-ын тэргүүн Ц.Мөнхбат “"Брай дэ Виэн Трайн" компани дээр очиж
нутгийнхаа торомны ноосыг хэрхэн боловсруулж буйг үзэж буй нь
Торомны
ноосыг Францын 200 гаруй жилийн түүхтэй, тансаг зэрэглэлийн ноос, ноолуурын
бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Брай дэ Виэн Трайн" /Brun de Vian Tiran/ компанид нийлүүлдэг. Тухайн
үйлдвэр нь Хомын талаас гаралтай торомны ноосоор хийсэн онцгой бүтээгдэхүүнээ
“Хомын тал” нэрээр нэрлэн Франц болон Европын зах зээлд худалдаанд гаргаж
байна.
Тэд торомны
ноосны ширхгийн чанарыг бууруулахгүй байлгахад онцгойлон анхаарч тогтмол
судалгаа шинжилгээ явуулдаг байна. Хомын талын торомны ноос нь тус компанийн
ашигладаг хамгийн нарийн ширхэгтэй ноосны төрөлд багтдаг. Тиймээс тус ноосыг
ашиглаж, “Хомын тал” хэмээх цоо шинэ брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж Европын
зах зээлд нийлүүлжээ. “Хомын тал” нэртэй брэнд алчуур үйлдвэрлэж Францад нэг
бүрийг нь 410-610 еврогоор борлуулж байна.
Францын тус компани нь найм дахь үедээ ноос ноолуураар тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй 200 гаруй жилийн түүхтэй үйлдвэрлэгч юм. Тэмээ, алпака гөрөөс, лам гөрөөс зэрэг амьтны ховор нандин ноос ноолуурыг дэлхийн өнцөг булан бүрээс хайж, худалдан аваад эцсийн бүтээгдэхүүн болгодог уламжлалтай. Эдүгээ "Брай дэ Виэн Трайн" компанийг аав хүү хоёр Пьер, Жан-Луи Бран нар удирдаж байна.
Компани нь
үйлдвэрлэсэн ноолуур, бүтээлэг, хувцас зэрэг бүтээгдэхүүнээ дэлхийн 20 гаруй
улс оронд экспортлон худалдаалдаг”. Нэг хэсэг ямар ч үнэ цэнэгүй хаягдал болж
байсан тэмээний ноос үнэд орж малчдын сэтгэлгээнд ямааны оронд тэмээ өсгөж,
үржүүлэх нь дээр юм байна гэсэн сонирхол бий болгох зорилгоор үүнийг хийж
байна.

Дөрвөлжин сумын Онц, тавантолгой багийн малчид сургалтаас олж мэдсэнээ бүтээгдэхүүн болгож буй агшин
Мөн жил бүр
орон нутгийн малчин иргэд, нөхөрлөлүүдийн эмэгтэйчүүдийг эсгий боловсруулах,
эсгий бүтээгдэхүүн хийх чадваржуулах сургалтыг шат дараатай явуулж ирсэн
туршлагатай. Жил бүрийн шатлалтай сургалтыг мал төллөх үеийн малчдын ажлын их
ачааллаас өмнө амжиж зохион байгуулж оролцоог нь тэгш хүртээмжтэй хүргэдэг
онцлогтой юм. Сүүлийн хоёр жилд гурван бүлэг, нөхөрлөлийн 11 малчин эмэгтэй
хамтран 24 төрлийн 800 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Эдгээр бүтээгдэхүүнийг
Франц болон Монголын зах зээлд борлуулснаар нийт 4.500 еврогийн (18 сая
төгрөгийн) орлого олсон байна.
Энэ онд
Хомын талын байгалийн нөөцийг зөв зохистой ашиглах зорилгын хүрээнд Хомын
хоолойн Давсан сангийн байгалийн давсаар гоо сайхны бүтээгдэхүүн хийх. Малын
гаралтай өөх тосоор саван үйлдвэрлэх арга технологид 20 малчин эмэгтэй
суралцаж, ур чадвараа дээшилүүлснээр, тэдний орлогын эх үүсвэр нэмэгдэж байна
хэмээн “Хомын талын тахь” ТББ-ын тэргүүн Ц.Мөнхбат ярилаа.
Дөрвөлжин сум ч энэ ажлыг бодлогоор дэмжиж монгол үүлдрийн тэмээн сүргийн үүлдрийг
сайжруулахад анхаарч байна
-“Манай сум сүүлийн 10 жил тэмээн сүргийн тоо толгойгоор аймагтаа тэргүүлж байна. 2024 онд аймагтаа хамгийн олон буюу 2587 тэмээ тоолуулжээ. Сумын таван багаас Онц баг 876, Тавантолгой баг 877 тэмээ тоолуулж, хамгийн олон тэмээтэй багууд болжээ.
Тэмээгээрээ нүүдлийн соёл иргэншлээ хадгалж хамгаалах, тэмээг өсгөн үржүүлэхэд онцгой анхаарч тэмээний тоо толгойд татвар ногдуулдаггүй.
Монгол малын генийг хадгалах, авч үлдэх, удмын санг бүрдүүлж баяжуулж байх, түүнчлэн үүлдэр угсааг сайжруулах нь мал аж ахуйн салбарын хөгжилд хамгийн чухал асуудал. Тиймээс тэмээн сүргийг өсгөхөд онцгой анхаарч тэмээчидтэй хамтарч ажиллаж байна. Сумын хэмжээнд малчдын 90 гаруй хувь нь тэмээтэй, эдгээрээс зөвхөн тэмээн сүргийг маллаж өсгөж үржүүлдэг 10 гаруй тэмээчин байна. Манай аймгийн хэмжээнд тэмээн сүргийн тоо толгой өсөж байгаа хэдий ч тэмээн сүрэг ерөнхийдөө давжаарч, ноосны гарц муудаж байгааг тэмээчид харамсангуй ярьдаг.
Тиймээс
нутгийн тэмээг мах сүү, ноосны чанараар улсдаа тэргүүлдэг, баталгаажсан омгийн
үүлдэр угсаагаар сайжруулах үржил селекцийн ажил хийх боломжийг бид мэргэжлийн
байгууллагуудтай хамтарч хийхээр төлөвлөж байна. Тэмээний үүлдэр сайжирснаар
сүү, ноосны гарц нэмэгдэх, улмаар малчдын орлого ч сайжрах боломж бүрдэнэ.

Хомын талын "Монгол тэмээ"
-“Завхан
аймгийн нутагт Монгол элс, Бор хярын элс, Сэврэн улааны элс, Улаагчийн элс,
Борхын элс, Сулин адаг элс, Ар загийн элс, Хомын элс зэрэг элсэн
манхануудтай.

Энэ оны 9 дүгээр сард ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 37 дугаар хурлаар, Хомын талын байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэн баталгаажуулсан байна.
Энэхүү говийн довцог бөөрөг элсний сул бэхэжсэн элсний бэлчээрт үндэслэг ишт үетэнт бүлэг төрлийг сульт, шимэрс- суль-элсний шарилжит төрлийн бэлчээр зонхилдог. Сульт элсний бэлчээрийн 100 ам метр талбайд 8-10 зүйл ургамалтай, Ногооны шимт чанарын хувьд дунд зэрэг буюу хуурай бодисын 5.6 хувь уураг, 6.5 хувь тослогтой байна. Энэ нь тэмээний өвөл, хаврын хамгийн сайн идэш тэжээл юм” хэмээн Завхан аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын судалгаанд өгүүлжээ.
Манай суманд монгол үүлдрийн тэмээ бий. Монгол үүлдрийн нас гүйцсэн ингэ буурын амьдын жин 450-600 кг, ноосны гарц 5.2-8.1 кг, хоногийн саам 500 грамм орчим байдаг. Харин Галбын говийн улаан тэмээний амьдын жин 560-660 кг, ноосны гарц 5.6-10.8 кг, хоногийн саам 600-800 грамм байдаг байна. Ханын хэцийн хүрэн тэмээний амьдын жин 540-620 кг, ноосны гарц 5.6-8.8 кг, хоногийн саам 900-1000 кг байдаг. Тиймээс тэмээнийхээ үүлдрийг сайжруулах нь зүйтэй талаар бид малчид, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байгаагаа Дөрвөлжин сумын ЗДТГ-ын дарга В.Уранчимэг дуулгалаа.

Дөрвөлжин сумын Онц багийн Эвсэг эмэгтэйчүүд ТББ-ыг үүсгэн байгуулагч гишүүн, малчин эмэгтэй Н.Баасанхүү
-“Анх 13 бүсгүй санаа нийлж бүлэг болон хоршиж хонь, тэмээний ноосыг өөрсдийн гараар боловсруулан цөөн хэдэн бүтээгдэхүүнийг хийдэг байсан юм. Ингээд Хомын тал нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Хомын талын тахь ТББ-д хүсэлт гаргаж тэдний дэмжлэгээр гар урлалын бүтээгдэхүүнээ улам чамбайруулсан. Эмэгтэйчүүд маань бүтээгдэхүүнийхээ ашгаар ноос сэмлэгч, болон будагч машинуудыг худалдан авч, тахийнханы дэмжлэгээр улам чадавхитай болж үйлдвэрлэлээ өргөжүүлж өдөр бүр хөгжиж байна. Миний хувьд уламжлалт мал аж ахуй эрхлэхээс гадна өрхийн амьжиргаагаа дээшлүүлэхийн тулд эсгий бүтээгдэхүүний өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд Тахь ТББ-ын сургалтууд үр өгөөжөө өгч чадсан.
Малчин
эмэгтэйчүүд маань сургалтаас олж авсан мэдлэгтээ тулгуурлан уламжлалт аргаараа
үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ илүү чамбай урлахыг хичээдэг. Манай баг бол
тэмээний нутаг.
Тэмээний ноос, ялангуяа торомны ноос ноолуураас дутахгүй зөөлхөн байдаг. Гар аргаар ноосоо сэмлэж, гарын доорх материалаар өнгө будаг гаргаж гоёж ч болдог.
Малчин
эмэгтэйчүүд маань өмнө нь малынхаа ноосыг уламжлалт аргаараа боловсруулж эсгий,
тохом, дээс гэрийн бас бус зүйлээ л хийдэг байсан бол жил бүрийн сургалтуудаас
олон шинэ зүйлийг техникийг сурч мэдэж авдаг нь олзуурхууштай. Тиймээс ч жил
бүр бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж чанартай хийснээрээ захиалга ч
тасардаггүй юм. Бидний хийсэн бүтээлийг гадаадад худалдан авдаг болсон нь
бахархам шүү. Энэ бол тахийн л буян.

Онц багийн малчид торомны ноосоор хийсэн бүтээгдэхүүн, нутгийнхаа зэрлэг чацарганаар хийсэн шүүсээр аймаг, сумынхаа үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцдог
Хомын талын тахь ТББ-аас бидэнд жил бүр шинэ мэдлэг ойлголт өгдөг, ур чадварт сургадаг хэрэгтэй сургалт явуулдагт нь баярладаг. Илүү хичээхсэн, илүү ихийг урлахсан, бүтээхсэн гэж боддог болсон. Ноосоор эсгий шаахай, малгай, гоёл чимэглэлийн зүйлс болон бусад ахуйн хэрэглээний зүйлсийг урлаж, экспортолдог боллоо шүү дээ.
Монголын баруун хязгаар нутагт бэлчиж яваа тэмээний ноос маань эрэлт хэрэгцээтэй үнэ цэнтэй бүтээгдэхүүн болж байгаа нь л гайхамшиг, бахархам юм. Мөн манай нутаг бол зэрлэг чацарганын нутаг. Хомын талын Бураагийн шугуйг малчид нөхөрлөл болж хоршоод хамгаалах, нөхөн сэргээх, байгалийн баялгаа зөв зохистой хүртэж бүтээгдэхүүн болгож худалдаалдаг.

Малынхаа сүү цагаан идээнээс гадна, бэлэг дурсгалын зүйлсийг тахийн жуулчны баазаараа дамжуулан борлуулж байна.
Бидний
бүтээгдэхүүн бүрийн орлого эргээд энэ л Хомын тал нутгийн эзэн, тахь хамгаалах
үйлсэд, бэлчээр нутгаа хамгаалахад, малчин бидний үйлдвэрлэлийн хөгжилд
зориулагддаг юм шүү дээ” гэж Онц багийн Эвсэг эмэгтэйчүүд ТББ-ыг үүсгэн
байгуулагч гишүүн, малчин эмэгтэй Н.Баасанхүү ярилаа.
...Малчин
эмэгтэйчүүдийн төлөөлөл Н.Баасанхүүгийн хэлснээр, тахийн уугуул нутгийн малчид “Байгалийн өвөрмөц
арал”-ынхаа уур амьсгалд дасан зохицож, биологийн олон төрөл зүйлийг хамгаалах,
бэлчээр нутгаа үр ашигтай сэлгэн ашиглах.
Малынхаа түүхий эд, байгалийн нөөцийг зов зохистой ашиглаж, нэмүү өртөг шингэсэн үнэ цэнтэй бүтээгдэхүүнийг олон ширхгээр биш ч гэлээ зохистой хэмжээнд үйлдвэрлэж, гадаад, дотоодод өөрийн гэсэн хэрэглэгчтэй болж өрхийн орлогоо нэмж байгаа нь бахархууштай. Тахийн тал нутгийн малчин эмэгтэйчүүдийн ур, ухааны учиг үргэлжилсээр...

Онц, тавантолгой багийн малчин эмэгтэйчүүд гэр бүлийнхэнтэйгээ хамт байнга суралцдаг

Сургалтаас олж авсан мэдлэг, чадвараа ашиглан Хомын тал, Бага нуурын давсаар шинэ бүтээгдэхүүн хийж сурчээ
Улаанбаатар