Хоббигоороо бүтээсэн миний түүх

МОНГОЛ ХЭМНЭЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-05 11:49:48

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Буянт-Ухаагийн анивчсан гэрэл дунд буух онгоцны дуу миний хувьд ердийн шуугиан биш. Миний бага нас, мөрөөдөл, урам зориг бүгд тэр чимээнд шингэсэн байдаг. Хүмүүс машинаар минь дүүрэн онгоц байгааг хараад “Онцгой хоббитой хүн” гэдэг л дээ. Харин миний хувьд энэ бол хоббигоороо бүтээсэн түүх юм.


Би Буянт-Ухаагийн 7 дугаар сургуулийг төгсөж, тэр орчинд өссөн. Ээж, аав, ах, эгч маань нисэхэд ажилладаг байсан болохоор онгоц миний нүдэнд анхнаасаа “хамгийн сайхан гэрэлтэй ертөнц” мэт санагддаг байлаа. Би өдөр бүр тэнгэр өөд дүүлэх онгоцуудыг харж,  нэг л өдөр би “тэр ертөнцийн хүн” болно гэж боддог байв.  Хүүхэд насны тэр мэдрэмж, тэр дотно ертөнц намайг онгоц цуглуулах хобби руу хөтөлсөн.


Одоогоор машин дотор мань 90 гаруй, гадна талд 70 орчим онгоц бий. Харин гэртээ 200 гаруй, нийт 400 орчим онгоцтой. Хүмүүс манайд орж ирээд “Энэ айл уу, музей юу?” гэж их гайхдаг. Гэрт онгоц маань багтахаа больсон учраас машиндаа онгоцоо нааж, шрупдэж тогтоох болсон юм л даа.


Би олон орноор явж, олон онгоцоор нисэж үзсэн. Өндөр дээрээс доош харах үнэхээр миний хувьд ер бусын, гайхалтай мэдрэмж. Тэгэхээр онгоцууд маань зүгээр нэг тоглоом, цуглуулга төдийхөн биш, миний амьдралын үнэт түүх, миний хүүхэд нас, миний сэтгэл багтсан мөрөөдөл минь юм шүү.


Залууст хандаж хэлэхэд, өөрийн гэсэн хүсэл, мөрөөдөлтэй байж, дуртай зүйлтэй байх хүсэл зорилготой болоорой. Тэгж чадвал хүн өөрөө илүү гоё, илүү урамтай амьдардаг юм шүү. Би онгоцуудаа харахаар зорилгодоо үнэнч байсан өөртөө баярладаг.