ХОВД: Жилд 50 мянган мод тарьж ургуулахаар гэрээнд тусгажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Ховд аймаг энэ онд Хөшөөтийн уурхайн төслийг хэрэгжүүлэгч "Мо-Эн-Ко" ХХК-тай хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгууллаа.
Тус гэрээ 2029 он хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ.
Гэрээнд уул уурхайн салбарын хөгжил, орон нутгийн эдийн засгийг дэмжих, орон нутгийн иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх бодлого, зорилтуудыг тусгасан байна.
Тухайлбал, “Мо-Эн-Ко” ХХК-ийн экспортолж буй нүүрсний тонн тутмаас орон нутагт оруулах мөнгөн дэмжлэгийг 1.2 доллар болгож нэмэгдүүллээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд жил бүр 50 мянган мод тарьж ургуулахаар боллоо.
Жил бүрийн экспортоос орж ирэх хөрөнгөөс тусдаа 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн байна.
Мөн иргэдийн бүхэл нүүрсний хэрэглээг дэмжих үүднээс жил бүр 1.5-4 тонн нүүрс олгох ба иргэнд тонн тутмыг 30 мянга, албан байгууллагад 60 мянган төгрөгөөр олгохоор тогтов.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд одоогийн байдлаар айлууд болон албан байгууллагын 50 хувь нь нүүрсээ татан авчээ.
Түүнчлэн орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд онцгой анхаарч энэ онд 300 гаруй иргэн, аж ахуйн нэгжээс 300 орчим тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн нь эдийн засагт бодит дэмжлэг болсныг Ховд аймгийн Засаг даргын 2025 оны ажлын тайланд дурдлаа.
Улаанбаатар