Чой Жин Вон: Солонгос хэлний редакцыг тогтвортой ажиллахыг дэмжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг тав дахь гадаад хэлээрээ буюу солонгосоор мэдээ мэдээлэл түгээж эхэллээ. Энэ хүрээнд БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай хамтран ажиллаж байгаатай холбогдуулан Элчин сайд Чой Жин Вонтой товч ярилцлаа.
-Солонгос иргэд Монголын тухай сонирхох нь ихэссэн. Энэ үед Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг солонгос хэлээр мэдээллээ түгээж эхэлж байгаа талаар Та сэтгэгдлээ хуваалцана уу?
-Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоогоод 35
жил болж, хоёр талын бүхий л салбарын харилцаа маш өндөр түвшинд өргөжин
хөгжсөн. Солонгосын иргэд Монгол орны тухай, монголчуудын талаарх мэдээллийг
сонирхох нь ихэссэн. Өнгөрсөн хугацаанд соёл урлагийн мэдээллийг юүтүб, цахим
сүлжээнээс авч байлаа. Монгол иргэд ч солонгосын тухай мэдээллийг сонирхдог шүү
дээ. Үүний тод жишээ нь саяхан зохион байгуулсан “Physical: Asia” контентыг
жишээ дурдахад ойлгомжтой биз ээ. Солонгосын иргэд Монголын баг тамирчдаар
бахархаж, шоу маш их хандалт авсан. Би ч гэсэн бүх дугаарыг нь үзсэн. Үүнээс
гадна Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс бий. Мөн
ирэх онд Улаанбаатар хотод зохион байгуулах СОР17 бага хурлыг ч бид хүлээж
байна.
Гэвч Монголын талаарх мэдээ мэдээллийг солонгос хэлээр албан
ёсоор түгээдэг газар өмнө байсангүй. Яг энэ үед Монголын үндэсний мэдээллийн
МОНЦАМЭ агентлаг солонгос хэлний редакц байгуулж, солонгос хэлээр мэдээ мэдээллээ
түгээх болсон нь цаг үеэ олсон алхам боллоо. Албан ёсны статустай мэдээллийн
агентлагаас мэдээ мэдээллийг тогтвортой, нээлттэй авах боломжтой болсон нь хоёр
улсын соёлын болон иргэд хоорондын найрсаг харилцааг нэг шат ахиулж, мэдээлэл
авах сувгийг өргөжүүлж буй хэрэг юм.
-Солонгос хүмүүст Монголын талаарх ямар мэдээ мэдээлэл
сонирхолтой санагддаг юм бол?
-Юун түрүүнд Монгол орон маш өргөн уудам газар нутагтай. Олон иргэд байгальтайгаа дасан зохицож, нүүдэллэж амьдардаг соёлоо өдий хүртэл уламжлан амьдардаг маш онцлог ард түмэн. Монголчуудын байгаль дэлхийтэйгээ хэрхэн дасан зохицож амьдардаг ахуй, хэв маяг, соёлын ялгаа зэрэг нь уншууртай байх болов уу гэж бодож байна.
Солонгосын зарим бизнес эрхлэгчдийн хувьд Монголд хөрөнгө
оруулахыг хүсэж байгаа. Иймд Монголын улс төрийн бодлого шийдвэр, бизнесийн
орчин ямар байх вэ гэх мэт хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл сонирхох байх.
Мөн соёл, контентын харилцаа байх болов уу гэж бодож байна. Ингэснээр хоёр
улсын иргэдийн ойлголцлыг нэмэхэд хувь нэмэр оруулах юм.
Хамгийн гол нь солонгос хэлний редакциа тогтвортой ажиллуулах
нь хамгийн чухал. Монголын тухай мэдэхийг хүсэж буй солонгос иргэдэд үүд хаалга
нь нээлттэй байх ёстой. Цаашид үйл ажиллагаа явуулахад бэрхшээл тулгарвал бид дэмжиж,
хамтран ажиллана. Монгол солонгос хэлний үгийн дараалал адил байдаг учраас солонгосоор
мэдээлэл бэлтгэх нь тийм ч хэцүү биш байх болно гэж найдаж байна.
Монголын ерөнхий боловсролын болон их дээд сургуульд жилд дунджаар
10 мянган хүн солонгос хэл сурдаг мэдээлэл бий. Энэ нь солонгосоор мэдээлэл
бэлтгэхэд хүний нөөцийн хувьд давуу тал болох нь дамжиггүй.
-Солонгос хэлээр гарах мэдээ мэдээллийг уншигчдадаа хүргэхэд ЭСЯ-наас хэрхэн дэмжиж, хамтарч ажиллах вэ?
-Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг албан ёсоор
солонгос хэлээр мэдээлэл түгээж байгааг ЭСЯ-ны цахим хуудаст тавина. БНСУ-ын албан
ёсны хэвлэл мэдээллийн сувгаар энэ тухай мэдээлэл хүргэж, солонгос хэлээр
гарсан мэдээг уншигчид хүлээж авах боломжийг танилцуулж сурталчлахад анхаарахаас
гадна Солонгосын компаниудад ч бид дуулгах болно.
Уншигч Та Монголын тухай мэдээ мэдээллийг
https://montsame.mn/kr/ цахим хуудаснаас солонгос хэлээр уншина уу.

Улаанбаатар