Азийн элсний спортын наадамд Монголоос 100 гаруй тамирчин оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Азийн элсний спортын VI наадам Хятадын Санья хотод 2026 оны дөрөвдүгээр сарын 22-нд хөшгөө нээнэ.
10 жилийн дараа эргэн ирж буй тус наадам найм хоног үргэлжлэх бөгөөд спортын 14 төрөлд шилдгүүдээ тодруулна. Энэ удаагийн наадамд Азийн 45 орны 3700 гаруй тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ. Манай улсаас спортын жюү жицү, кураш, сагсан бөмбөгийн 3х3, элсний бөх зэрэг спортын есөн төрөлд 100 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох мэдүүлгээ илгээжээ.
Азийн элсний спортын наадам хамгийн сүүлд 10 жилийн өмнө Вьетнамын Дананг хотод болсон. Тус улсад болсон V наадамд манай улсаас спортын найман төрөлд 39 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцохдоо долоон алт, дөрвөн мөнгө, найман хүрэл медаль хүртсэн юм. Ингэснээр багийн дүнгээр V байрт шалгарч байлаа.
Ташрамд дурдахад,
Азийн олимпын зөвлөлөөс далайн эргийн, элсний спортын төрлүүдийг хөгжүүлэх
зорилгоор Азийн элсний наадам зохион байгуулах шийдвэрийг 2007 онд гаргаж,
анхныхыг нь 2008 онд Индонезийн Балид зохион байгуулжээ. Ихэнх тэмцээн уралдаан
гадаа талбайд болдог, түр зуурын байгууламж ашиглан тэмцээнээ явуулах
боломжтой, зохион байгуулахад зардал мөнгө бага гардаг зэргээс шалтгаалан
наадам богино хугацаанд өргөн хүрээнд тэлж, хүлээн авах сонирхолтой орнуудын
тоо нэмэгдсэн байна. Мөн далайн эрэг орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон
хөшүүрэг нь элсний наадам болж байв. Монголчууд анхдугаар наадамд спортын
гурван төрөлд 15 тамирчнаа илгээснээс элсний бөхөөр Т.Энх-Амгалан түрүүлснээр
хүртэж, Монголын цорын ганц медалийг авсан юм.
Улаанбаатар