Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл 12.5 км авто зам барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. 2026 онд Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина.
НЗДТГ-ын мэдээлснээр, уг асуудалтай холбоотой Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тус авто замын трасс дагуу ажиллажээ.
Төмөр замын ажлын талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Өнгөрсөн оны хоёр, гуравдугаар сард “Монголын төмөр зам ТӨХК” болон “Улаанбаатар төмөр зам ХНН”-ийн төмөр замыг нийслэл хотоос гаргах Засгийн газрын тогтоол гарсан. Үүнтэй холбоотой Багахангай дүүргээс Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал хүртэл 102 км үргэлжлэх салаа төмөр зам барихаар далан барих дэд бүтцийн ажлыг эхлүүлсэн. Мөн Хөшигийн хөндийн нэгдүгээр өртөөнөөс Толгойт өртөө болон Эмээлт орчим хүртэл уг төмөр замыг холбохоор төлөвлөж байна. ДЦС 3,4-ийн нүүрс орж ирэх төмөр замыг хэвээр нь үлдээнэ. Уг төмөр замыг барьснаар Улаанбаатар хотыг дамжин өнгөрөх ачаа тээврийг хотоос гаргах, тэр дундаа 34 нэр төрлийн аюултай ачааг хотын дундуур бус хотоос гадуур явуулах боломж бүрдэж байгаа” гэв.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Хүннү хотод Улаанбаатар хотын тээвэр, логистикийн нэгдсэн төвийг шинээр барина. Ингэснээр нийслэл хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, хот дундуур дайран өнгөрч буй төмөр замын эрсдэлийг бууруулах юм. Мөн уг авто зам ашиглалтад орсноор богино хугацаанд Хүннү хотыг барьж байгуулах дэд бүтцийн суурь тавигдах давуу талтай” гэв.
Уг авто замыг барих бүтээн байгуулалтын ажлыг 2026 оны дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөжээ.

Улаанбаатар