Нигерид хулгайлагдсан хүүхдүүдийг суллажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
АБУЖА, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /DW/. Нигерийн католик шашны сургуулиас өнгөрсөн сард хулгайлагдсан 100 сурагч суллагдсан гэж тус улсын эрх баригчид ням гарагт мэдэгджээ.
Нигерийн Христэд итгэгчдийн холбооноос /CAN/ мэдээлснээр, 11 дүгээр сарын 21-нд Нигерийн төв нутгийн хойд хэсэгт орших Гэгээн Мариягийн сургуулиас 315 сурагч, ажилтныг зэвсэгт этгээдүүд хулгайлсан байна. Хэрэг явдал гарснаас хэдэн цагийн дотор 50 сурагч зугтаж чаджээ. Харин барьцаанд байгаа хэмээн үзэж буй өөр 165 сурагч болон сургуулийн ажилтны хувь заяа тодорхойгүй хэвээр байна.
Суллагдсан 100 сурагч нийслэл Абужа хотод ирсэн гэж НҮБ-ын эх сурвалж AFP агентлагт мэдээлжээ. Тэднийг даваа гарагт Нигер мужийн орон нутгийн албан тушаалтнуудад хүлээлгэн өгнө гэж эх сурвалж нэмж хэллээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Сандей Дэйр AFP-д сургуулийн сурагчид суллагдсан гэдгийг баталжээ. “Channels Television” зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 100 хүүхдийг сулласан тухай мэдээлсэн байна. Сурагчдыг сулласан нь цэргийн хүч эсвэл хэлэлцээний үр дүн байсан эсэх нь, мөн аль бүлэглэл хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна.
Нигер мужийн эрх баригчид болон CAN мэдэгдэхдээ, хүүхдүүд суллагдсан талаар албан ёсоор мэдээлэл ирээгүй гэжээ. Нигерийн Засгийн газар ч мөн албан ёсоор тайлбар хийгээгүй байна. Хүн хулгайлах гэмт хэргийн тоо нэмэгдэж байгаа нь Нигерийн хойд нутагт аюулгүй байдал алдагдаж байгааг харуулж байна. Нигерийн арми олон жилийн турш тус улсын зүүн хойд хэсэг дэх лалын шашинтан босогчидтой тэмцэж байгаа бол “дээрэмчид” гэгддэг бүлэглэлүүд баруун хойд хэсэгт хүн хулгайлж, тосгодыг дээрэмдэж байна. 2014 онд “Боко Харам” бүлэглэлийнхэн сургуулийн 300 орчим эмэгтэй сурагчийг хулгайлсан хэрэг гарч байв. Тухайн үед ихэнх нь 16-18 насныхан байсан сурагчдын зарим нь одоог хүртэл сураггүй хэвээр байна.
Харин өнгөрсөн сараас хойш хүн хулгайлах гэмт хэргийн тоо огцом нэмэгдсэн нь Баруун Африкийн тус улсын аюулгүй байдлын нөхцөл байдал тааруу байгааг дахин харууллаа. Өнгөрсөн долоо хоногт Мохаммед Бадару Абубакар Батлан хамгаалахын сайдын албан тушаалаасаа огцорчээ. Түүнчлэн 11 дүгээр сард баруун хойд нутгийн Кеби мужид лалын шашинт сургуулийн 25 эмэгтэй сурагч, мөн Хойд төвийн нутгийн Коги мужид 38 христийн шашинтан болон номлогч хулгайлагдсан байна. Зүүн хойд нутагт орших Сокото мужийн нэгэн тосгоноос сүйт бүсгүй болон түүний 10 найз бүсгүйг хулгайлжээ.
Хүн хулгайлах гэмт хэргүүд нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд
Трампы зүгээс христийн шашинтнуудыг олноор нь хөнөөсөн гэх үндэслэлээр Нигерид дарамт
шахалт үзүүлж байгаатай давхцаж байна. Д.Трамп мэдэгдэхдээ, Нигерид христийн
шашинтнуудад “геноцид” үйлдэж байна гээд, Засгийн газар нөхцөл байдлыг
шийдвэрлэхгүй бол цэргийн ажиллагаа явуулна гэж сүрдүүлсээр байна. Харин Нигерийн
Засгийн газар Д.Трампын мэдэгдлийг няцаажээ.
Улаанбаатар