Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын Орны хөтөлбөр баримт бичгийг байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Вена хотноо ажиллах үеэрээ НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага /ЮНИДО/-ын Ерөнхий захирлын орлогч Юко Ясунагатай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар санал солилцов.
ГХЯ-ны мэдээлснээр, уулзалтаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс ЮНИДО-тай өрнүүлж ирсэн хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, тогтвортой, хүртээмжтэй аж үйлдвэрийн хөгжилд тус байгууллагын гүйцэтгэж буй чухал үүргийг онцлов. Мөн энэ үеэр “Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага хооронд 2025-2027 онд хэрэгжүүлэх Орны хөтөлбөр” баримт бичигт гарын үсэг зурав.
Уг хөтөлбөр нь манай улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” зэрэг үндэсний хөтөлбөртэй бүрэн нийцэж, үйлдвэрлэлийн салбарыг илүү стратегийн, нэгдсэн, бодит үр дүнд чиглэсэн хэлбэрээр хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдгийг талууд тэмдэглэв.
Талууд ногоон үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломжтой гэдгийг тэмдэглэж, цаашид Орны хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтов.

Улаанбаатар