БАЯНХОНГОР: Аймгийн Онцгой комисс хуралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-12-10 16:46:30

Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлыг авч хэлэлцлээ.


Хурлаар, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд энэ сарын 20-ны дотор өвс, тэжээлийн дутуу нөөцийг татан төвлөрүүлэх, хот суурин газрын өвөлжилтийн нөхцөл байдлын хүрээнд нийт дулаан үйлдвэрлэгч ААН-ийн эзэдтэй аймгийн Засаг дарга агаарын бохирдлын асуудлаар ирэх даваа гарагт зөвлөлдөх уулзалт зохион байгуулахаар товлов.


Улирлын томуугийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, хоёрдугаар үеийн тархалт дэгдвэл бууруулах арга хэмжээг урьдчилан төлөвлөх, 2019 онд ашиглалтад орсон хэдий ч үйл ажиллагааны доголдол гарсан Баянговь сумын цэцэрлэгт хүүхэд хүлээж авах эсэхийг сумын Онцгой комисс, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргахаар боллоо.


Мөн энэ сарын 11-12-ны өдрүүдэд орох цасан шуурганы урьдчилан сэргийлэх мэдээллийг сумдад хүргэж, иргэд малчид, тээвэрчдэд анхааруулах, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 461 дүгээр тогтоолоор олгосон өвс тэжээлийн өр, авлагын талаар холбогдох албан бичгийг бүрдүүлэн Засгийн газарт уламжлахаар тус тус хэлэлцэн шийдвэрлэв.



Холбоотой мэдээ