БАЯНХОНГОР: Нарийны рашаан өвөл хөлддөггүй, бүлээнээрээ байдаг онцлогтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-12-09 10:10:29

Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Нарийны рашааныг зуны аагим халуунд хүртэхэд шүд хага ташим хүйтэн, өвлийн дүн хүйтэнд уухад бүлээн байдаг онцлогтой. Рашаан юуны учир зун хүйтэн атлаа өвөл нь бүлээсдэг нь тодорхойгүй ч өвчнийг анагаах, илааршуулах чадал нь гайхам.


Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутагт байх Нарийны рашаан гурван хошуунаас салаалан урсах бөгөөд толгой, чих, хамар, ходоод, нүд, шүд, бөөрний гэх мэтээр ангилан хэрэглэсээр иржээ. Рашаантай холбоотой домог мэт яригддаг сониноос дурдахад, 1964 онд Хөвсгөл аймгийн харьяат нэгэн хэлгүй хүн рашаанаас ууж овоонд нь мөргөж байтал тушаатай морь нь дэгдээд явахад мориныхоо араас уулга алдан хашгиртал хэл орчихсон байсан гэдэг.


Жилийн дөрвөн улиралд рашааны усанд болжмор, оготно амьдардаг нь нэн сонирхолтой. Тэр байтугай зарим өвөл ялаа хүртэл амьд өвөлждөг. Яг тэр үедээ энэхүү рашаан ямар ч өвчнийг анагаах увидастай болдог хэмээн нутгийн хүмүүс хуучлах нь бий.


Баянхонгор аймгийн хамгийн хүйтэрдэг нутаг болох Гурванбулаг сум Улаанбаатар хотоос 900 км, аймгийн төвөөс 260 км алслагдсан. Рашаан сумын төвөөсөө 20 км зайтай.


Гурванбулаг сумын нутаг далайн түвшнээс дунджаар 2000 метрээс дээш өндөрт өргөгдсөн учир жилийн дөрвөн улиралд сэрүүний хугацаа ихтэй, эрс тэс уур амьсгалтай цэвдэг хөрстэй. Тус суманд жилийн 306 хоногт хасах градустай байдаг онцлогтой бөгөөд зун нь сэрүүн, богино болдог. Агаарын хамгийн дулаан жилдээ +23 хэм дулаан, хүйтэн үедээ -50 хэм хүртэл хүйтэрдэг.

Холбоотой мэдээ