Улаанбаатар метро төслийн барилга угсралтын тендерийн бэлтгэлийг хангаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хоёрдугаар шатны тендерийн бэлтгэл ажил үргэлжилж байна.
НЗДТГ-ын мэдээлснээр, тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтыг эцэслэн боловсруулахаар ажиллаж байна. Тус төслийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч БНСУ-ын “Духуа Инженеринг” болон холбогдох мэргэжлийн баг хамтран шаардлага, стандарт, техникийн шийдлийг нарийвчлан тодорхойлж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бэлтгэл ажлыг хангаж байгаа юм. Энэ шатны тендерийг EPC+F буюу гүйцэтгэгч компанид инженерийн зураг төсөл, тоног төхөөрөмжийн худалдан авалт, барилга угсралтын ажил болон төслийн санхүүжилтийн тодорхой хэсгийг бүрдүүлэх үүрэг хүлээлгэх нөхцөлөөр зарлах юм.
Төслийн эхний шатны тендерийг 2025 оны 4 дүгээр сард нээсэн. Нийт зургаан улсын 27 аж ахуйн нэгж, байгууллага материал ирүүлсэн.
Улаанбаатар метро төслийг хэрэгжүүлснээр оргил ачааллын үед нэг чиглэлд цагт 17 мянга гаруй зорчигч тээвэрлэх хүчин чадал бүрдэж авто замын ачаалал 10 хувиар буурч, нийтийн тээврийн дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ.
Мөн авто машинаар зорчиход 142 минут зарцуулдаг зайг метрогоор 32 минутад туулах боломжтой. Метроны өртөө орчмын үйлчилгээний бүсүүд хөгжиж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд шинэ боломж бүрдэхийн зэрэгцээ төслийн барилга угсралтын үеэр 700 гаруй, ашиглалтад орсны дараа 745 байнгын ажлын байр шинээр бий болно. Түүнчлэн жил бүр 213.6 тонн нүүрстөрөгчийн давхар исэл, 400 тонн азотын исэл буурах урьдчилсан судалгаа гарчээ.
Улаанбаатар