ДАРХАН-УУЛ: Аймгийн ИТХ-ын дэргэдэх “Өсвөрийн парламентын бүлгэм”-ийн сурагчид чууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
174@montsame.mn
2025-12-11 17:38:54

Дархан, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 / МОНЦАМЭ/. Аймгийн төрийн болон хувийн хэвшлийн сургуулийн 42 сурагч "Өсвөрийн парламентын бүлгэм"-д элссэн 2025-2026 оны хичээлийн жилийн анхны цугларалт энэ сарын 10-нд боллоо.


Хөтөлбөрийн эхэнд бүлгэмийн гишүүн хүүхдүүд ерөнхий боловсролын 12 дугаар дунд сургуулийн үе тэнгийн найзуудтайгаа нөхөрлөлийн уулзалт зохион байгуулсан.


Тэд мөрөөд, бич, тэмдэглэ, түүндээ хүр уриатайгаар "Мөрөөдлийн самбар"-ыг хамтдаа бүтээж, Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газрын үйл ажиллагаа, хүүхэд хамгааллын ажлууд, сэтгэл зүйн үйлчилгээтэй танилцсан юм.




Үдээс хойших үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа оролцлоо.

Тэрбээр "Та бүхэн хамгийн эхэнд өөрийгөө таньж, өөрийнхөө эрхийг ойлгож ухамсарлаад, дараа нь бусдын эрхийг хамгаалж, эергээр нөлөөлж ажиллах нь чухал. Манлайллын эр зоригтой, хүсэл тэмүүлэл, хүлээлт дүүрэн байгаа та нарыг харахад ирээдүй илүү их гэрэл гэгээтэй санагдаж байна. Нийгэм, хамт олондоо зөв манлайллыг түгээгээрэй" хэмээн уриаллаа.




Бүлгэмийн гишүүд "Цахим технологи ба Хүний эрх", "Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог" сэдвээр мэдээлэл сонсож, "Өсвөр насны хүүхдийн зан төлөвийн тодрол" сорилын дасгалд хамрагдан хувийн зөвлөгөө авлаа. Сургалтыг ХЭҮК-ын Дархан-Уул аймаг дахь референт Э.Болортуяа, ХГБХХГ-ын сэтгэл зүйч Б.Намуунаа, Н.Цэрэндулам нар удирдсан юм. 




Өсвөрийн парламентын анхдугаар хуралдаанаар тэргүүнээ сонгож баталгаажуулав. Зургаан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө танилцуулан өрсөлдсөнөөс "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн сурагч Түмэндэмбэрэлийн Анужин олонхын санал авлаа.




Чиглүүлэгч багш нар, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр анх удаагаа өөрсдөө сонгууль зохион байгуулж, нэр дэвшиж, саналаа өгч оролцсон нь сонирхолтой байсныг тэд онцолж байна. Гэрийн даалгаварт, өөрийн сургуулийн сурагчдадаа  мэдээллээ хуваалцах, дараагийн үйл ажиллагаанд контент бэлтгэж оролцох юм.




Хүүхдүүдийн үйл ажиллагааг дэмжиж, ИТХ, Боловсролын газар, ХГБХХГ, 12 дугаар сургууль, аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Элит хөгжил ХХК-ийн хамт олон хамтран ажиллажээ.

Холбоотой мэдээ