ХОВД: Алтайн бүс нутгийн хамтын ажиллагааны талаар ярилцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол
Улс, ОХУ, БНХАУ, БНКУ-ын Алтайн уулсыг дамжсан бүс нутгийн 10 мужийн хамтын санаачилгаар
байгуулсан “Алтай бидний нийтийн гэр”
олон улсын зохицуулах зөвлөлийн 18 дугаар хуралдаан боллоо.
Хурлыг
энэ сарын 10-нд ОХУ-ын Алтайн хязгаарын Засгийн газраас цахим хэлбэрээр зохион
байгуулахад Ховд аймгийн Засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан
орлогч М.Баяртаар ахлуулсан ажлын баг оролцов.
Алтайн
бүс нутгийн орнуудын салбар байгууллагын төлөөллүүд шинжлэх ухаан, боловсрол,
спорт, соёл урлаг, худалдаа, эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Мөн
“Алтай бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн 2026–2027 оны
хамтарсан ажлын төлөвлөгөөг баталж, Зөвлөлийн даргалах эрхийг Дорнод Казахстан
мужид шилжүүлэв.
Ирэх
хоёр жилд тус зөвлөлөөс эдийн засгийн хуралдаан, залуу эрдэмтдийн зуны сургалт,
спортын олон улсын наадам зэрэг алтайн бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх олон ажлыг
хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.
Ховд
аймаг сүүлийн жилүүдэд гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон
улсын төсөл, хөтөлбөрийн байгууллагаас хөрөнгө оруулалт татах ажлыг эрчимжүүлж
байна.
Онцлоход, энэ онд Булган хилийн боомтын өргөтгөл болон Байтаг боомтыг байнгын үйл ажиллагаатай болгох ажлыг эхэлжээ. Мөн Ховд аймаг БНКУ-ын Дорнод Казахстан мужтай хамтын ажиллагааны санамж бичиг шинээр байгууллаа.
Японы
“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” төслийн хүрээнд
Дарви сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг засварлаж, багш,
сурагчдад ээлтэй орчин бүрдүүлжээ. 

Улаанбаатар