Олон улсын уулын өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2025-12-11 10:12:31
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Олон улсын уулын өдөр өнөөдөр тохиож байна.


НҮБ-ын шийдвэрээр жил бүрийн 12 дугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын уулын” өдөр болгон албан ёсоор тэмдэглэдэг. Энэхүү өдрийн жил бүрийн уриа өөр өөр байдаг бөгөөд энэ жил “Мөсөн гол нь уул ус, хоол хүнс, амьжиргаанд чухал ач холбогдолтой” уриан дор тэмдэглэж байна.


НҮБ-ын Ерөнхий Ассамблей мөсөн гол, цас, мөс нь уур амьсгалын систем, усны эргэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг, мөн мөсөн голын хурдан хайлалтын өргөн хүрээтэй нөлөөллийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2025 оныг Мөсөн голыг хамгаалах олон улсын жил болгон зарласан. 


Мөстлөг болон мөсөн бүрхүүл нь дэлхийн цэнгэг усны 70 орчим хувийг эзэлдэг. Тэдний хурдацтай хайлж байгаа нь зөвхөн байгаль орчны хямрал төдийгүй хүмүүнлэгийн хямралыг илэрхийлж, хөдөө аж ахуй, цэвэр эрчим хүч, усны аюулгүй байдалд заналхийлж байна. Мөсөн голууд хайлж, мөнх цэвдэг хайлж байгаа нь үер усны аюул,  хөрсний гулсалт эсвэл элэгдэл, тунадас нэмэгдэх зэрэг эрсдлийг нэмэгдүүлж буй юм. 


Эдийн засгийн хувьд хөдөө аж ахуй, усан цахилгаан станц, уулын аялал жуулчлал, тээвэр зэрэг салбарууд мөсөн голын өөрчлөлтийн ачааллыг мэдэрч байна. Олон уугуул иргэдийн хувьд мөсөн голууд бол ариун нандин зүйл бөгөөд тэдгээр нь бага багаар хайлж байгаа нь тухайн орон нутгийн байгалын өвөрмөц чанарыг адагдуулахад хүргэж буй аж. 


Дэлхийн дулаарлаас үүдэн манай гарагийн мөсөн голууд хайлах процесс явагдаж байгаатай адил Монгол Алтайн нуруун дахь Потанины мөсөн гол ч хайлан багассаар байгаа юм.


Монголын хамгийн урт мөсөн голын урт нь 20 км,  ойролцоогоор 50 км.кв талбайтай. Потанины мөсөн гол 2003-2009 онд буюу зургаан жилийн турш хийсэн судалгааны үр дүнд нийт 90 метр татарсныг тогтоосон бөгөөд энэ нь жилдээ 15 метр орчмоор хайлж байгаа гэсэн үг юм.


Потанины мөсөн гол дороосоо хайлж татрахаас гадна зузаанаас бас хорогдсоор байгаа ба 2004 оноос 2009 оны энэ процесс жилдээ 2.6 метр байна хэмээн хэмжилт хийсэн байна. 

О.Батсайхан

Холбоотой мэдээ