Өмнөд Солонгосын сайд огцорчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 AFP/. Өмнөд Солонгосын Далай тэнгисийн асуудал эрхэлсэн сайд Эв нэгдлийн сүмээс хууль бус хөрөнгө авсан хэрэгт буруутгагдсаныхаа дараа пүрэв гарагт албан тушаалаасаа огцорчээ.
Бөөнөөр хуримлах ёслолоороо алдартай тус шашны бүлгийг тэргүүн хатагтай асан Ким Кён Хитэй холбоотой хууль бус хандивын хэргээр шалгаж байгаа юм.
Ким Кён Хигийн консерватив үзэлт нөхөр Юн Сог Ёль онц байдал тогтоосны улмаас энэ оны дөрөвдүгээр сард ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорч, одоо шоронд хоригдож байна. Улмаар Өмнөд Солонгост зургаадугаар сард болсон ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд Ли Жэ Мён ялсан юм. Гэхдээ Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Ерөнхийлөгч Ли Жэ Мёны зүүний үзэлт эрх баригч нам болон консерватив сөрөг хүчний хууль тогтоогчдын аль аль нь тус сүмээс хахууль авсан байж болзошгүй байна.
Далай тэнгисийн асуудал эрхэлсэн сайд Чун Жэ Суг 2018-2020 оны
хооронд Эв нэгдлийн сүмээс 30 сая воныг /20 500 ам.доллар/ бэлнээр, мөн хоёр тансаг цаг авсан хэрэгт буруутгаж
байгаа гэж хэвлэлүүд мэдээлж байна. Энэ талаар
тус сүмийн дэлхийн төв байрны дарга асан Юн Ён Хо энэ онд байцаалт өгөх үеэрээ
мэдүүлжээ.
“Төрийн албан хаагчийн хувьд сайдын албан тушаалаас огцрох нь зүй зохистой үйлдэл юм” гэж Чун Жэ Су пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Тэрбээр өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдсэн боловч засгийн газрын үйл хэргийг “сааталгүйгээр” үргэлжлүүлэхийн тулд албан тушаалаасаа огцорно гэв. Ерөнхийлөгч Ли Жэ Мён огцрох хүсэлтийг хүлээн авсан гэж түүний ажлын албанаас мэдэгджээ.
Улаанбаатар