Цасан шуурганы улмаас Эверест ууланд мянга орчим хүн гацжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2025-10-06 09:40:46

БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Цасан шуурганы улмаас Эверест уулын Төвөдийн талаас гардаг энгэрт мянга орчим хүн гацаад байгаа тухай хэвлэлүүд ням гарагт мэдээлжээ.


Германы dpa агентлаг Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг эш татан мэдээлснээр, хүмүүс 4900 метрийн өндөрт байгаа аж. Цаг агаарын таагүй байдлын улмаас зарим майхан урагдаж, нурсан байна. Аврах ажиллагаанд нутгийн хэдэн зуун иргэн, мэргэжлийн аяллын хөтөч нар тусгай зориулалтын техник хэрэгсэл ашиглан оролцож байгаа ч цасан шуурга тэдний ажлыг хүндрүүлж байгаа ажээ. 


Эверест ууланд гацсан хүмүүсийн зарим нь нас барсан тухай Хятадын “Jimu Xinwen” гэдэг цахим хуудсанд бичжээ. Гэхдээ энэ мэдээллийг албан ёсоор батлаагүй байна.


Тус бүс нутагт аравдугаар сарын 3-наас хойш цасан шуурга шуурч байгаа бөгөөд эрх баригчид аравдугаар сарын 4-ний орой Эверест уул руу жуулчдыг очихыг хориглож, ойрын хугацаанд авирахаар төлөвлөж байсан хүмүүст авиралтаа хойшлуулахыг зөвлөсөн байна.


Хөрш зэргэлдээх Балбад мөн цаг агаарын таагүй байдлын улмаас олон хүн ​​амиа алдсан байна. "Reuters" агентлагийн мэдээлснээр, аравдугаар сарын 3-наас хойш орсон аадар бороо, үерийн улмаас 47 хүн амиа алджээ.

Холбоотой мэдээ