СҮХБААТАР: Жолооч нар олон цагаар болон хоногоор бензинд дугаарлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-11-06 12:46:07

Баруун-Урт, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт өнөөдрийн байдлаар Петровис, Шунхлай гэсэн ШТС-ууд тодорхой хязгаартайгаар бензин өгч байна.


Шунхлай ШТС өдөрт гурван тонн бензинийг, нэг машинд 40-50 мянган төгрөгт, Петровис ШТС өдөрт 150 машинд мөн тодорхой хязгаартайгаар бензин олгож байна. Өдөр бүр үргэлжлэх урт дараалалд жолооч нар олон цагаар зогсох, бүр зарим нь хонож байж бензин авч байна.


Энэ нөхцөл байдал нь иргэдийн ажил амьдралд сөргөөр нөлөөлж эхэлсэн, малчдын хувьд өвөлжилтийн бэлтгэлээ хангахад саад учирч байгааг хэлж байна.


Шатахууны нөөц, хангамжийн талаар түгээгчид ямар ч мэдээлэлгүй байгаа бол салбарын эрхлэгч нар мэдээлэл өгөхөөс татгалзав. Харин энэ байдлыг шийдвэрлэх талаар аймаг, орон нутгийн зүгээс хэрхэн ажиллаж байгааг аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатараас тодруулахад, "Нөхцөл байдал хүнд байгаа ч орон нутгийн удирдлагуудыг холбогдох яам, агентлагаас тодорхой мэдээллээр хангахгүй байна. Бид өдөр бүр холбогдож байдлаа танилцуулж, асууж лавлаж байгаа ч юу ч тодорхой бус байна. Аймгийн төвийн ШТС-ууд хязгаарлалттай бензинээ олгож байгаа бол зарим суманд хувийн ШТС-ууд хэвийн ажиллаж байгаа гэх мэдээллийг авсан. Мэдээж цаг хүндэрч буй энэ үед асуудлыг даруй шийдвэрлэх шаардлагатай байгааг тогтмол уламжилж байгаа" гэв.


Цаг уурын байгууллагаас өгч буй мэдээгээр ойрын өдрүүдэд цас орж, байгалийн үзэгдэл гамшгийн хэмжээнд хүрэхийг сэрэмжлүүлсэн. Иргэд, малчид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад хамгийн чухал нь бензин, шатахуунаа нөөцлөх. Тиймээс үүсээд буй  асуудлыг даруй шийдвэрлэх шаардлагатайг иргэд уламжилсаар байна.  

Холбоотой мэдээ