СҮХБААТАР: "Эко сум" ТББ-тай 2028 он хүртэл хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-10-29 13:37:43

Баруун-Урт, 2025 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Эрдэнэцагаан сум "Эко сум" ТББ-тай хамтран ажиллах гэрээг байгууллаа.


Гэрээгээр 2028 он хүртэл байгаль орчныг хайрлан хамгаалах чиглэлээр буюу хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, менежментийн төлөвлөгөөг боловсруулж  батлах зэрэг ажлыг хэрэгжүүлнэ.

  

2026 онд хог ангилан ялгах, хог зохицуулалтын төвийн барилга барих ажлыг эхлүүлэхээр болжээ. Барилгын тоног төхөөрөмжийг “Эко сум ТББ нийлүүлнэ. Харин 2027 онд сумын төвийн нийт айл өрхийг ангилан ялгах зориулалтын хогийн савтай болгох ажлыг орон нутгийн төсвөөр хийх, сумын төвийн одоогийн 10 га талбай бүхий хогийн цэгийг 2 га болгон багасгах, үүссэн хур хогийг булж устгах зэргээр ажлаа төлөвлөжээ.

 

Энэхүү хамтын ажиллагаа амжилттай хэрэгжсэнээр байгаль орчинд ээлтэйн дээр таатай орчин бий болж, Эрдэнэцагаан сумын нийт хүн амын эрүүл орчинд ажиллаж, амьдрах эрх нь бүрэн хангагдана гэж үзэж байгаа ажээ.

 

“Эко сум” ТББ нь Люксембургийн Байгаль орчны яамны хөрөнгө оруулалтаар байгаль орчинд чиглэсэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг юм

Холбоотой мэдээ